Эдийн засаг

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар мэдүүлэг өгч байна

Нийтэлсэн

“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 11 дэх өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдүүлэг өгч байна. Түүнийг “Энержи Ресурс” компанид давуу байдал олгосонд буруутгаж байгаа юм.

Тус компани Хөгжлийн банкнаас зээл авч, Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замыг барьсан. Одоо энэ зам “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд байдаг.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр өмгөөлөгчийн асуултад хариулж байна. Тэрээр “Би Үндсэн хууль батлалцсан Удаа дараа УИХ-ын гишүүнээр ажилласан. Та нар Үндсэн хууль зөрчиж байгаа тул саналаа татаж ав. Тэгвэл та нарт өлзийтэй. Бид өнөөдөр уул уурхайн орлогоор л амьдарч байтал та нар (прокуроруудад хандав) ийм зүйл ярьж байгаад би бухимдаж байна.” гэв.

Харин прокурор Н.Батбаяр биднийг сүрдүүлсэн, энэ замын төсөвт өртгийг 9.1 тэрбум төгрөгөөр нэмсэн тул таныг хэрэгт татсан. Сайд хүний хувьд энэ нь байж болох үйлдэл үү гэж асуув.

Н.Батбаяр: Засгийн газрын шийдвэр хамтын шийдвэр, Ерөнхий сайдын шийдвэр голлох үүрэгтэй байдаг. Бид олон зуун км зам тавьсан. Миний гаргасан шийдвэрт ямар ч компанийн нэр байхгүй. Гэм буруутай эсэхийг прокурор биш, шүүх тогтоодог. Надад гурван удаа хэрэг нээсэн, хоёр удаа хэрэгсэхгүй болгосон. Хэрэг нээхээрээ намайг дууддаг, хэрэгсэхгүй болохоороо надад мэдэгддэггүй.

Засгийн газрын шийдвэрийг хоёр сайд хоорондоо тохиролцоод гаргадаггүй. ЗГХЭГ-ын реферант тогтоолын төсөл боловсруулж, хуулийн хэлтсийн дарга, ЗГХЭГ-ын дарга хянаад, хамгийн сүүлд сайд гарын үсэг зурдаг.

Прокурор: Таны хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэртэй та танилцсан байна. Таны удирдлага дор ажиллаж байсан Өлзийбаяр гэж хүн танаас чиглэл ирсэн тул төсөвт багтаагүй байсан, авто замын төсөв нэмж баталсан гэж мэдүүлэг өгчээ.

Н.Батбаяр: Энэ хүн манай яаманд биш ЗГХЭГ-т ажиллаж байсан, тогтоолын төслийг боловсруулсан мэргэжилтэн. Энэ хэргийг энд биш Үндсэн хуулийн цэц хэлэлцэх ёстой. Хэдэн жилийн дараа та нар өөрсдөө буруудах вий. Би та нарыг хайрлаад хэлж байна. Нүүрсний гарцаа өсгөх, экспортын орлогоо өсгөх, тоосжилт бууруулах зорилгоор авто зам барих шийдвэр гаргасан юм. Бид “Энержи ресурс”-т давуу тал олгоогүй, харин ч энэ компанийн монополийг эвдсэн юм шүү. Тухайн үед нүүрс тээвэрлэх зардал өндөр байсан, энэ зам ашиглалтад ороод буурсан. Эдийн засгийн шийдвэрийг ойлгоорой.

Exit mobile version