Нийгэм

Б.Махбал: Зээл олгохыг зөвшөөрсөн бичиг гэж ойлголгүй гарын үсэг зурсан

Нийтэлсэн

Хөгжлийн Банкны шүүх хурал 12 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр хүний амь нас хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Хөгжлийн Банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал улсын яллагч болон өмгөөлөгчийн асуултад хариуллаа.

Тэрбээр Хөгжлийн Банкны шүүх хуралд “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад байгаа юм.

Улсын яллагч түүнээс 2017 оны есдүгээр сарын төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд биечлэн оролцоогүй, бичгээр санал гаргаагүй ч яагаад ТУЗ-ийн тэмдэглэл дээр гарын үсэг зурсан талаар асуусан юм.

Хариуд нь тэрбээр, “Есдүгээр сарын 27-ны үдээс хойш намайг хөдөө явж байхад ТУЗ-ийн нарийн бичгийн дарга утастаад маргааш ТУЗ хуралдана. Оролцох боломжтой юу? гэж асуусан. Би ээлжийн амралттай байгаа учраас боломжгүй. Нэлээд удаан хугацаагаар хөдөө байна гэж хэлсэн. Тухайн өдөр буюу 28-ны өдөр хуралдсан эсэхийг мэдээгүй. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Хулан, төслийн санхүүжилт зээлийн газрын мэргэжилтэн Батзоригийг дагуулж ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулахаар манай гэрийн гадаа ирсэн. Би танилцаж гарын үсгээ зурсан” гэлээ.

Уг гарын үсэг зуруулсан бичиг нь зээл олгох нөхцөл шаардлага хангасан талаарх ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл буюу Б.Махбалын санал өгөх хуудас байжээ.

Үргэлжлүүлэн түүнээс Хөгжлийн Банкны өмгөөлөгч:

– ТУЗ-ийн гишүүнээр хэдээс хэдэн оны хооронд ажилласан бэ?

– 2016 оны сүүлээс 2017 хүртэл ажилласан.

Энэ нь Бэрэн группт зээл олгосон ТУЗ-д байсан болж таарч байгаа аж.

– Та энэ зээлийг олгох эсэх талаарх мэдээллийг өмнө нь авсан уу?

– Үгүй

– ТУЗ-ийн хуралд оролцоогүй атлаа гарын үсэг зурсан байгаа нь таны ажлын чиг үүрэгт хамаатай юу?

– ТУЗ-ийн шийдвэртэй танилцаж л гарын үсэг зурсан.

– Түүнээс биш олголтыг зөвшөөрсөн байдлаар гарын үсэг зурж байна гэж ойлгоогүй юм уу?

– Ойлгоогүй.

– Тухайн үед яагаад зээлийн эдийн засагч шийдвэр танилцуулахад ТУЗ-ийн нарийн бичигтэй цуг явж байгаа юм бэ? Тэр талаар ойлгосон зүйл байна уу?

– Байхгүй. ТУЗ-өөс гарсан шийдвэрийг гишүүдэд танилцуулаарай гэсэн үүрэг өгсөн гэж надад ойлгуулсан.

Exit mobile version