Энтертайнмент
Кирибаяма: Озэки болоод Монголдоо харих хүсэлтэй
Японы сүмо бөхийн холбооноос Зуны тэмцээний банцүкэг өчигдөр зарласан билээ. Зуны тэмцээний хамгийн гол анхаарал татсан сэдэв нь шинэ озэки төрөх эсэх болоод байгаа юм. Монголын сэкивакэ Кирибаяма энэ башёд озэки цолны төлөө анхны дайралтаа хийх болно. Манай бөх нэгдүгээр сарын тэмцээнд 11 давж, Хаврын тэмцээнд 12 даваатай түрүүлсэн. Сүмо бөхийн дүрэмд “Комүсүби, сэкивакэ цолтой гурван башёд 33 давахад озэки цол олгоно” гэж заасан байдаг.
Сэкивакэ Кирбаяма Кокүгикан ордонд хэвлэлийн бага хурал хийлгэж, ирэх тэмцээний талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр “Арслан цолонд дөхөж ирлээ. Озэки цолны төлөө барилдах боломж тэр бүр ирээд байдаггүй. Сүүлийн боломж гэж бодон барилдах болно. Ояката багш маань элдэв юм бодоод байвал дарамтад орно гэж хэлсэн тул цол ахих гэж бодолгүй барилдахыг хичээнэ. Юуны өмнө 50 хувийн амжилтаа үзүүлээд дараа нь арваас илүү давах хүсэлтэй. Өнгөрсөн тэмцээнд түрүүлснийх энэ башёд ч түрүүлэхийн төлөө барилдана. Нэг удаа Эзэн хааны цом өргөөд үзчихээр хоёр, гурван удаа өргөмөөр санагдах болсон. Хэрэв Зуны тэмцээнд озэки болж чадвал Монголдоо харих зөвшөөрөл ояката багш өгнө гэсэн. Шинэ цолтойгоор нутагтаа харивал сайхан сан. 2019 оноос хойш Монголдоо очоогүй байгаа. Зургаадугаар сарын 3-нд болох ёкозүна Какүрюүгийн зодог тайлах ёслолд озэки Кирибаяма гэж дуудуулбал… Сэкивакэ цолонд бол олон бөх хүрч чадна. Үүнээс дээшээ дэвшихэд тун хэцүү гэж хүмүүс хэлдэг. Маш том уул гэсэн үг. Гэхдээ энэ уулыг давах болно” гэж ярьсан байна.