Эдийн засаг

Эцсийн өмчлөгчид ил тод болох нь авлигын индекст нөлөөлнө

Нийтэлсэн

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны үр дүнд Монгол Улс “Авлигын төсөөллийн индекс”-т байр урагшлах боломж нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлт нийгэмд бий болоод байна. Авлигыг бодитойгоор бууруулахад засаг төрөөс гадна иргэд, аж ахуйн нэгжүүд гээд нийгмийн оролцогч бүр нөлөөтэй. Нэг ёсондоо нийгмийн бүхий л талуудын хүсэл зориг нэг цэгт огтлолцож байж гэмээнэ бодит үр дүн гарах юм. Түүнчлэн чухам яг ямар асуудлуудыг шийдэх шаардлагатай вэ гэдгээ хаа хаанаа мэдэж байх учиртай.

Ингээд аваад үзвэл манай эдийн засгийн үзүүлэлтийн үндэс суурь болсон уул уурхайн салбарын засаглалд  чухал нөлөөтэй Олборлох салбарын ил тод байдлын хуулийг батлах асуудал яригдах ёстой юм. Учир нь “Авлигын төсөөллийн индекс”-ийн сүүлийн тайлангаар байр ухрахад энэ үзүүлэлт хойш нь татсан асуудлуудын нэг байсан.

“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” гэдэг бол байгалийн баялгаас олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм. Одоогоор байгалийн баялаг ихтэй дэлхийн 55 орон ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхээр нэгдэн орж, тэдгээрийн 53 улс нь ОҮИТБС-ын шаардлагыг хангаад буй аж. Харин манай улсын тухайд уг санаачилгын хүрээнд зарим мэдээллүүд ил тод болж байгаа юм.

Монгол Улс ОҮИТБС-ын хүрээнд анх 2013 онд эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил болгож эхэлсэн түүхтэй. Тухайн үед сайн дурын үндсэн дээр ил тод болгосон анхны тайлагналаар 214 хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч шилэн болж байсан юм. Харин 2020 оны нэгтгэл тайлангаар уг үзүүлэлт 3.2 дахин өссөн байдаг.

Ер нь бол улс орны нэр нүүр болсон авлигын индексийг сайжруулахад нийгмийн бүхий л оролцогчид чухал нөлөөтэй гэдэг нь  энэхүү ОҮИТБС-ын тухайд аваад  үзэхэд, аж ахуйн нэгжүүдийн оролцооноос тухайлан хамаардаг.

Уул уурхайн салбар дахь аж ахуйн нэгжүүд ил тод байдлын тайлангаа жил бүр тогтмол, үнэн зөв тайлагнаад байвал, олборлох салбар илүү  хариуцлагатай, ил тод болж, цаашлаад Монгол Улсын авлигын индекс сайжрахад шууд нөлөөлнө.

Энэ оны гуравдугаар сарын 20-ны  өдрийн байдлаар 2,028 аж ахуйн нэгжийн ашигт малтмалын ашиглалтын 1,827 тусгай зөвшөөрөл, хайгуулын 1,254 тусгай зөвшөөрөл буюу  нийт 3,081 тусгай зөвшөөрөл  Монгол Улсад хүчин төгөлдөр байна.  Үүн дээр нэмээд 25 талбайд Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий 21 аж ахуйн нэгж байна.

Эдгээр аж ахуйн нэгжүүд ОҮИТБС-ын  Ажлын албаны   цахим системээр өмнөх оны ил тод байдлын тайлангаа тайлагнах хугацаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наар дуусгавар болсон. Тэгэхээр тун удахгүй шинэ мэдээллүүд ил болно гэсэн үг.

Тусгай зөвшөөрлийн эзэмшигчид болон гэрээлэгчид нь Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай, Газрын тосны тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах үүрэг хүлээдэг юм.

Нөгөө талаас, аж ахуйн нэгжүүд тайлан мэдээллээ өгч буй ч эцсийн өмчлөгчдийн мэдээллийг илүү чанартай, илүү тодорхой болгох шаардлага байсаар байгаа.

2022 оны тавдугаар  сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар нээлттэй болсон багц мэдээллийн нэг нь хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээлэл.

УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн сангаас ямар ч төрлийн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг харах боломжтой ч  тухайн компанийн хэдэн хувийг эзэмшдэг, эзэмшигч нь хэзээ хэрхэн солигдсон бэ гээд FATF-ын зөвлөмж, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандартыг хангах хэмжээнд ил тод биш байгаа талаар яригдаж байгаа юм. Тиймээс энэ тал дээр илүү ахиц дэвшил гаргахын тулд  “Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь” төслийг ОҮИТБС-ын Олон улсын нарийн битгийн дарга нарын газар, Лондон хотноо төвтэй “Нээлттэй өмчлөл” олон улсын байгууллагаас ОҮИТБС-д нэгдсэн 13 оронд хэрэгжүүлэхээр болсны нэг нь Монгол Улс болсон.  Төслийн зорилго нь бүх төрлийн ашигт малтмал, газрын тосны олборлогч компаниудын эцсийн өмчлөгчдийг системтэй, чанартай, олон нийтэд хүртээмжтэйгээр ил тод болгоход чиглэж буй.

Эцсийн өмчлөгчдийн ил тод байдлыг хангах нь олон талын ач холбогдолтойг  ОҮИТБС-аас тодотгодог.  Үүний тулд төрийн байгууллага, оролцогч талууд тодорхой, үнэн бодитой, нийтэд хүртээмжтэй нээлттэй мэдээллийн сантай болох шаардлагатай.  Энэ нь нуугдмал хөрөнгийг үр дүнтэйгээр ил тод болгож, улмаар улс орны эдийн засагт хувь нэмэр оруулдгийг ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал Марк Робинсон хэлж байсан.

Төслийг хамтран хэрэгжүүлэгч  “Нээлттэй өмчлөл” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Ден Таузенд “Монгол Улс эцсийн өмчлөгчдийг ил тод болгож амжилт гаргасан орнуудын нэг  юм. Тиймээс энэхүү мэдээллийн чанар, үнэн бодит байдлыг сайжруулж, баталгаажуулах системийг бий болгоход энэ удаагийн төсөл чиглэнэ. Үүний төлөө Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн” байгаагаа  дуулгаж байсан юм.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс Нээлттэй засгийн түншлэл, FATF, ОҮИТБС зэрэг засаглалыг сайжруулах олон улсын санаачилга, хамтын түншлэлүүдээр дамжуулан дэлхий нийтийн өмнө хүлээсэн эцсийн өмчлөгчдийг ил тод болгох үүрэг амлалтаа тодорхой хэмжээнд биелүүлж ирсэн.

Тухайлбал, ОҮИТБС-ын стандартын хүрээнд 2017 онд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчдийг ил тод болгох замын зураглалыг боловсруулан хэрэгжүүлж, 2020 оноос тусгай зөвшөөрөл эзэмшигчид ашиг хүртэгч жинхэнэ эздээ заавал ил тод болгохоор болсон. Энэ хүрээнд 2020 оны байдлаар холбогдох маягтын дагуу эцсийн өмчлөгчөө мэдүүлсэн хуулийн этгээдийн тоо 687 байна. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль баталж, эцсийн өмчлөгчдийг ил тод болгож эхэлснийг гаднын байгууллагуудын зүгээс сайшааж буй юм.

Цаашид олборлох компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эзэд, эцсийн өмчлөгчдийн ил тод байдлыг сайжруулахад Монгол Улсын хууль тогтоомжуудыг уялдуулах, мэдээлэл цуглуулж, шалгах стандартыг боловсронгуй болгоход чиглэсэн техникийн чадавхыг нэмэгдүүлэх цогц үйл ажиллагааг талууд явуулж байна.

Монголын ОҮИТБС-ын Ажлын албанаас 2020 онд эцсийн өмчлөгчдийн өгөгдөл мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд Ашиг хүртэгч жинхэнэ эздээ ил тод болгосон компаниуд орон нутагт цугласан төлбөр хураамжийн 50 орчим хувь, улсад төвлөрүүлсэн орлогын урсгалын ердөө 21 хувийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, олборлох салбараас улс, орон нутгийн төсөв, эдийн засагт бий болж буй мөнгөн хөрөнгийн дийлэнх нь эцсийн өмчлөгч нь ил тод биш аж ахуйн нэгжүүдэд хамаарч байгаа юм.  Тиймээс энэ салбар дахь эцсийн өмчлөгчдийн мэдээлэл илүү ил тод, үнэн байх нь авлигатай тэмцэж буй засгийн зорилтуудын хэрэгжилтэд чухал нөлөөтэй юм.

Exit mobile version