Дэлхий
Ялалтын баярын парадад гадаад орнуудын удирдагчдаас зөвхөн Киргизстаны ерөнхийлөгч оролцоно
Киргизстан улсын ерөнхийлөгч Садыр Жапаров өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотод айлчлан иржээ.
Тэрбээр өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, маргааш Улаан талбайд болох дэлхийн хоёрдугаар дайны ялалтын парадад оролцох юм байна.
Украинд дайн эхэлснээс хойш Москвагийн төв талбайд жил бүр зохион байгуулагддаг уламжлалт цэргийн парадад оролцох гадаад орнуудын удирдагчдын тоо эрс цөөрсөн.
Өнгөрсөн оны арга хэмжээнд зөвхөн Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон оролцож байжээ. Тэгвэл энэ жилийн парадад Киргизстаны ерөнхийлөгч ганцаар оролцох төлөвтэй байна.
Энэ жилийн ялалтын баярын арга хэмжээнд Тажикистаны ерөнхийлөгчийг Путин урьсан ч оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа ажээ.
Киргизстан улс нь Москвагийн тэргүүлдэг Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагад Армени, Беларусь, Казахстан, Тажикистан улсуудын хамт багтдаг. Бас Орос, Беларусь, Армени, Казахстаны хамт Евразийн Эдийн Засгийн Холбоонд багтдаг юм.
Гэхдээ өнгөрсөн онд Путиний 70 насны ойн үеэр Санкт-Петербург хотод хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудын удирдагчид цугларахад Жапаров оролцоогүй нь тухайн үедээ анхаарал татаж байлаа.
Дараа нь Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын гишүүн орнуудын хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулагдахад Киргиз улс гэнэт оролцохоос татгалзаж байв.
Тухайн үед Оросын парламентын гишүүн Константин Затулин тус улсын эрх баригчдыг Өрнөдийн хоригт орохоос болгоомжилж, “хоёр нүүр гаргалаа” хэмээн хатуу шүүмжилж байжээ.
Эх сурвалж: Radio Free Europe