Дэлхий

Ялалтын баярын өмнөх өдөр Оросын арми Украинд агаарын томоохон цохилт өгөв

Нийтэлсэн

Тавдугаар сарын 8-ны Даваа гарагт Оросын арми Украины хотуудад томоохон агаарын довтолгоо гүйцэтгэжээ.

Сүүлийн саруудад ийм том хэмжээний агаарын ажиллагаа явуулаагүй байсан юм.

Киев хотын захирагчийн өгсөн мэдээллээр өчигдөр нийтдээ 60 ширхэг Иранд үйлдвэрлэсэн камиказе дроноор довтолсны 34 нь Украины нийслэлийг чиглэсэн байна. Гэхдээ Украины агаарын довтолгооноос хамгаалах систем бүх дроныг устгаж чадсан тухай тэр мэдээлжээ.

Харин устгасан дронуудын сэг байшин барилга дээр унах үеэр зургаан хүн шархадсан байна.

Оросын тал гуравдугаар сарын эхнээс хойш агаарын довтолгоогоо багасгаад байснаа арваад хоногийн өмнөөс дахин идэвхжүүлсэн юм.

Оросын зэвсэгт хүчин Ялалтын баяраас өмнө Донецк мужийн Бахмут хотыг бүрэн эзлэхээр бүх хүчээ дайчилж байгааг Киевийн эрх баригчид өчигдөр бас мэдээлжээ.

Өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын өдрийг тавдугаар сарын 9-нөөс тавдугаар сарын 8-нд шилжүүлж тэмдэглэх шийдвэр гаргасан нь Европын орнуудын жишгийг дагасан хэрэг байв.

Нацист Германы арми 1945 оны тавдугаар сарын 8-ны өдөр Берлин хотод бууж өгч байжээ. Харин газар зүйн байрлал, цагийн зөрөөний улмаас Москвад тавдугаар сарын 9-нд тэмдэглэх болсон юм.

ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова уг шийдвэрийг Нацизмын эсрэг дайнд амиа алдсан украин хүмүүсээс урвасан хэрэг гэж шүүмжилжээ.

“Дайснаас муу зүйл гэж юу байж болох вэ? Урвагч. Энэ бол 21 дүгээр зууны Иудагийн биелэл болсон Зеленский юм” гэж тэр хэлсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Украин хүн амын тоотой нь харьцуулбал Оросоос илүү их хохирол амссан гэдэг.

Москвад ялалтын баярын парад болж байх үед Евро Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйеныг хүлээж авч уулзахаар болсноо Зеленский өчигдөр зарлажээ. Өмнө нь гадаадын удирдагчид Киевт айлчлахдаа аюулгүй байдлын улмаас урьдчилж зарладаггүй байсан бол Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн анх удаа ийм алхам хийж байна.

Тавдугаар сарын 9-ний өдрийг Брюсселийн эрх баригчид “Европын өдөр” хэмээн тэмдэглэдэг. Энэ нь 1950 онд Европын Холбоо байгуулагдах үндсийг тавьсан өдөр юм. Урсула фон дер Ляйены айлчлал нь Украин улс Европтой улам ойртох хүсэл эрмэлзэлтэй байгааг харуулсан үйл явдал болох гэнэ.

Оросын эрх баригчид энэ жилийн ялалтын баярын парадаа ердийн үеийнхээс нэлээд цомхон зохион байгуулах төлөвтэй байна. Үүнд нэг талаас аюулгүй байдлыг хангах шаардлага, нөгөө талаас Украины дайнд их хэмжээний хүн хүч, зэвсэг техникээ алдсантай холбоотой гэж Өрнөдийн ажиглагчид дүгнэж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version