Улс төр
Хуулийн төсөл боловсруулагчдад зориулсан сургалтын талаар ярилцжээ
Хуулийн төсөл боловсруулагчдын хууль зүйн техникийн суурь мэдлэгийг бататгах, хуулийн төсөл боловсруулах арга зүй, ур чадварыг нь сайжруулах, мэргэшүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэдтөсөл, Монголын хуульчдын холбоо хамтран хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа юм.
Энэхүү сургалтын зохион байгуулалтын талаар өчигдөр (2023.05.09) холбогдох талууд болон сургагч багш нар хамтарсан уулзалт хийлээ. Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc. D) Н.Лүндэндорж уулзалтад оролцогчдод сургалтын зорилго, агуулга болон сэдвийн талаарх чиглүүлэх мэдээллийг өгөв.
Анх удаагаа зохион байгуулах гэж буй хуулийн төсөл боловсруулагчдыг мэргэшүүлж бэлтгэх сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын хуулийн төслийн эхийг баригч ажилтнууд болон төрийн байгууллагуудын Хууль эрх зүйн газар, хэлтсийн хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий нийт 50 ажилтан хамрагдана. Гурван өдөр үргэлжлэх тус сургалтаар хуулийн төсөл боловсруулагч байхын учир, хууль бүтээх ажиллагаа, хууль гэж юу вэ, хуульд тавигдах агуулгын болон техникийн шаардлага, хуулийн төсөл боловсруулахад эрх зүйн рецепцийг ашиглах арга зүй, хууль тогтоомжийг системчлэх зэрэг сэдвүүдийн хүрээнд оролцогчдын мэдлэгийг бататгаж, гэрчилгээ олгох юм.
Сургалтын ач холбогдлын талаар Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж хэлэхдээ, хууль дээдлэхийн гол утга учир нь хууль тогтоогч тухайн хуулийг тогтоосонд бус хуульд өөрт нь байх ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийн хэм хэмжээ бүрийг иргэн, хуулийн этгээд зайлшгүй надад хэрэгтэй юм байна гэж ойлгоод, яс мөрдөх ёстой хэмжээнд хуулийг бичих шаардлага тавигддаг. Ямар ч сайхан үзэл санааг хуулийн сайн техникээр бэхжүүлж, тодорхойлж бичээгүй нөхцөлд тэр сайхан үзэл санаа хоосон зүйл болох төдийгүй, буцаад хор уршигтай үр дагаварт хүргэнэ.
Хуулийн төслийг боловсруулагч нь хуулийн техник болоод онолын бичилтийн арга техникийг бүрэн эзэмшсэн, харилцааг зөв ойлгосон, мэргэшсэн хуульч болон тухайн салбарын мэргэжилтнүүд байдаг. Хуулийн төсөл боловсруулагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулснаар хууль тогтоох үйл ажиллагааны чанар чансааг дээшлүүлэхээс гадна хууль дээдлэх ёс бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.