Энтертайнмент
Монголын хоёр боксчин медалийн төлөө тулалдана
Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна.
5.2 сая ам.долларын шагналын сантай, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд 200, 100, 50 мянган ам.доллар гардах тус тэмцээнд Монголын 10 боксчин өрсөлдсөн.
Тэмцээний найм, ес дэх өдөр шөвгийн 16-гийн тулаанууд болж, медалийн төлөө өрсөлдөх тамирчдын нэрс тодров. Тэдний дотор Монголын хоёр боксчин торойн үлдлээ.
63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг мөн 5:0-ээр ялж, медалийн төлөөх тулаанд шалгаран үлдсэн.
Тэрбээр энэ даваанд дэлхийн гурван удаагийн аварга, олимпын гурван хүрэл медальт Кубын Ласаро Алварестай өнөөдөр нударга зөрүүлнэ.
Б.Чинзоригийн хувьд ДАШТ-ий медалийн даваанд гурав дахь удаагаа гарч ирээд байгаа юм.
67 кг-д хүч сорьж буй Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт эхний даваанд гоц мөргөж, улмаар Алжирын Х.Крамауг 5:2, Армений Г.Мадояныг 4:3-аар ялж, шөвгийн наймд шалгарлаа.
Тэрбээр өнөөдөр медальтай үлдэх эсэхээ шийдэх чухал тулааныг Венесуэлийн К.Паласиогийн эсрэг хийнэ.
Манай бусад боксчдын тухайд тэмцээнээ өндөрлүүлээд байна.