Дэлхий

Зохиолч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн Дональд Трампаар $5 саяын хохирол төлүүлэх шийдвэрийг АНУ-ын шүүх гаргав

Нийтэлсэн

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг хүчингийн хэрэгт буруутгасан зохиолч эмэгтэй өчигдөр шүүх дээр ялалт байгууллаа.

1990-ээд оны дундуур Нью-Йорк хотын нэгэн их дэлгүүрийн хувцас солих өрөөнд уг хэрэг гарсан талаар зохиолч, нийтлэлч Жан Кэррол анх шүүхэд хандаж байжээ. Трамп үүнийг нь эрс няцааж байв.

“Өнөөдөр дэлхий нийт үнэнийг мэдэж авлаа. Өнөөдрийн ялалт бол зөвхөн минийх биш, хэлсэн үгэнд нь хүмүүс итгэхгүй байгаа бүх хохирогч эмэгтэйчүүдийн ялалт юм” гэж 79 настай Кэррол мэдэгджээ.

Манхэттэн дүүргийн есөн шүүгчтэй зөвлөл Кэрролын хүчиндүүлснийг баталж чадаагүй ч бэлгийн халдлагад өртсөнийг нь хүлээн зөвшөөрч, Трампаар $5 саяын хохирлыг төлүүлэх шийдвэрийг өчигдөр гаргасан юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт тооцох боломжгүй тул иргэний хэргээр шийдвэрлэж, Трампыг торгохоор болсон байна.

Трампыг бэлгийн дарамт үзүүлснээс гадна хохирогч эмэгтэйг гүтгэж, нэр төрд нь халдсан гэж шүүх буруутгажээ.

Дөрөвдүгээр сарын 25-нд эхэлсэн шүүх хурлын ажиллагаанд Трамп биечлэн оролцоогүй юм. Харин өчигдөр тэр өөрийн эзэмшлийн Truth Social сошиал платформд гутамшигтай шийдвэр гаргасан шүүгчдийг шүүмжлээд “энэ эмэгтэй хэн болохыг би огт мэдэхгүй” гэж бичжээ.

2024 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө зарласан Трампын эсрэг олон тооны зарга шүүх дээр үүсээд байгаа.

Тэдгээрийн дотор эмэгтэйчүүдтэй холбоотой хэд хэдэн зарга бий.

Энэ шүүх хуралд өөр хоёр эмэгтэй оролцож, олон жилийн өмнө үйлдсэн Трампын бэлгийн халдлагын талаар шүүгчдэд мэдүүлэг өгсөн юм.

Тухайлбал People сэтгүүлийн сурвалжлагч асан Наташа Стойноф 2005 онд Флорида дахь Трампын эзэмшлийн амралтын газарт халдлагад өртөж байснаа мэдүүлжээ.

Жессика Лидс гэдэг өөр нэг эмэгтэй 1979 онд түүнийг Трамп хүчээр үнсэж, биед нь халдаж байсныг ярьсан юм.

Бас 2005 онд Трамп өөрийг нь алдартай хүн болохоор эмэгтэйчүүд биедээ халдахыг зөвшөөрдөг тухай гайхуулан ярьж байсан видео бичлэгийг шүүгчид сонссон байна.

Трамп ямар хүн болохыг батлан харуулах зорилгоор Кэрролын өмгөөлөгч дээрх баримтуудыг шүүгчдэд танилцуулж байжээ.

Энэ оны гуравдугаар сард болсон өөр нэг шүүх хурлаар Трампыг олон жилийн өмнөх бэлгийн харилцаагаа нуухын тулд порно киноны жүжигчин эмэгтэйд их хэмжээний бэлэн мөнгө өгсөн, үүнийгээ 2016 оны сонгуулийн кампанит ажлын зардал мэтээр харуулахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт нь ял оноосон юм.

Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч асан эрхмүүдээс ял сонссон анхны хүн болж түүхэнд бичигдээд байгаа.

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version