Дэлхий

Оросын армийн анги Бахмутыг орхин зугтсаныг Вагнерын тэргүүн мэдээлжээ

Нийтэлсэн

Хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн босс өчигдөр сошиал сүлжээнд хийсэн мэдэгдэлдээ Оросын армийн анги нэгтгэлүүдийн зарим нь Бахмут хотыг орхин зугтсаныг мэдээлээд үүнийг Оросын төр засаг эх орноо хамгаалах чадваргүй болсны илрэл гэж шүүмжилжээ.

Москвагийн эрх баригчдын Украинд явуулж буй дайнд голлох үүрэгтэй оролцож буй Евгений Пригожин сүүлийн үед Оросын батлан хамгаалах яамны удирдлагуудыг хурцаар шүүмжилдэг болоод байгаа.

Өнгөрсөн долоо хоногт тэр их бууны сумны хангамжийг нэмэгдүүлэхгүй бол “Вагнерын хүчийг Бахмутаас буцаан татна” хэмээн сүрдүүлж байв.

“Өнөөдөр батлан хамгаалах яамны анги нэгтгэлүүдийн нэг нь манай нэг жигүүрийг орхин зугтлаа. Ингэснээр фронтын шугамд цоорхой гарч байна” гэж Пригожин өчигдөр цацсан видео мэдэгдэлдээ өгүүлжээ.

Цэргүүддээ “гэмт хэргийн шинжтэй тушаал өгсөн Оросын армийн тэнэг удирдлагууд” үүнд буруутайг тэр тайлбарласан байна.

“Цэргүүд удирдлагынхаа туйлын тэнэглэлээс болж амиа үрэх ёсгүй” гэж Пригожин хэлжээ.

Оросын армийн удирдлагууд Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ныхаа талаар ерөнхийлөгч Путинд худал мэдээлэл өгч байгааг тэр энэ үеэр бас шүүмжилсэн юм.

“Ерөнхий командлагчийг (Путинийг) хуурах аргаар ажлаа явуулж байгаа бол тэдний бөгсийг дайнд хохирол амссан Оросын ард түмэн удахгүй урах болно” гэж Пригожин батлан хамгаалах яамны удирдлагуудад анхааруулсан юм.

Эцэст нь тэр телевизийн мэдээ бэлтгэх хэмжээнд Украины ажиллагааг удирдаж буй албан тушаалтнуудыг шүүмжилжээ.

“Одоогоор манай улсад бүгд ажлаа зурагтаар үзүүлэхэд болно гэж боддог болжээ. Гэтэл Украины тал сөрөг давшилтаа зурагтаар биш, газар дээр нь бодитой эхлэхээр бэлдэж байна” гэж Вагнерын босс анхааруулан хэлсэн юм.

 

Эх сурвалж: AFP

Exit mobile version