Дэлхий

Беларусийн ерөнхийлөгч чухал арга хэмжээнд оролцоогүй нь түүний эрүүл мэндтэй холбоотой дуулианыг эрчимжүүллээ

Нийтэлсэн

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн эрүүл мэндийг тойрсон дуулиан сүүлийн өдрүүдэд эрчимжиж байна.

Ням гарагт тус улсын үндэсний туг далбаа, сүлд, төрийн дууллын өдөр тохиосон юм. Жил бүрийн энэ өдөр Лукашенко ард түмэндээ хандаж үг хэлдэг уламжлалтай. Гэтэл энэ удаагийн арга хэмжээнд тэр оролцоогүй өнгөрсөн нь анхаарал татаж байна.

68 настай Лукашенкогийн оронд өчигдөр Беларусийн ерөнхий сайд илтгэл тавьсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Москвагийн Улаан талбайд болсон ялалтын баярт оролцсон Лукашенко эрүүл мэндийн шалтгаанаар эрт нутаг буцаж байв. Ингэхдээ тэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хүндэтгэлийн зоогт оролцоогүй юм.

Улаан талбайн парадын үеэр Лукашенко илт ядрангуй царайтай, баруун гар нь боолттой харагдаж байлаа.

Москвагаас буцаж ирснийхээ дараа тэр Минск хот дахь дэлхийн хоёрдугаар дайны дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн юм. Тэр үеэс хойш Лукашенко олны нүдний өмнө ил гараагүй байна.

Европын сүүлчийн дарангуйлагч хочтой Лукашенко 1994 оноос хойш Беларусийг тасралтгүй удирдаж байгаа.

Хамгийн сүүлд 2020 оны сонгуульд тэр ялсныг сөрөг хүчин эрс үгүйсгэдэг. Энэ сонгуулийн дараа Беларусь даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон ч Москвагийн дэмжлэгтэйгээр Лукашенко суудалдаа үлдэж чадсан юм.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version