Дэлхий

Туркийн ерөнхийлөгчийн сонгууль хоёр дахь шатны санал хураалтаар шийдэгдэж магадгүй боллоо

Нийтэлсэн

Ням гарагт Турк улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө.

Сүүлийн 20 жил ерөнхийлөгчөөр ажилласан Рэжэп Тайип Эрдоган энэ сонгуульд сөрөг хүчний хоёр нэр дэвшигчтэй өрсөлдөж байгаа юм. Тэдгээрээс хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Туркийн сөрөг хүчний зургаан намын эвслээс нэр дэвшсэн Кемал Киличдароглу.

Нийт саналын хайрцгийн 87.13 хувийг задалсны дараах байдлаар гол хоёр өрсөлдөгчийн хэн хэн нь 50-аас дээш хувийн санал авч чадаагүй гэсэн мэдээлэл ирж байна.

Энэ тохиолдолд хоёр дахь шатны санал хураалт зохион байгуулагдах юм.

Ямартай ч урьдчилсан дүнгээр одоогийн ерөнхийлөгч Эрдоган 50 хувийн босгыг давж чадаагүй бололтой.

Туркийн Анадолу агентлагийн мэдээлснээр Эрдоган 49.52 хувь, Киличдароглу 44.76 хувийн санал тус тус аваад байгаа гэнэ. Бусад эх сурвалжууд ч ойролцоо үр дүнг мэдээлж байна.

Сонгуулийн албан ёсны үр дүнг Туркийн сонгуулийн ерөнхий зөвлөл зарлах юм.

Энэ удаагийн сонгууль Эрдоганы хувьд маш хүнд сорилт болж байгаа. Инфляцын өсөлт, хүчтэй газар хөдлөлтийн гамшиг зэрэг хэд хэдэн сөрөг хүчин зүйл түүнийг дахин сонгогдоход саад болж болзошгүй байна.

Сонгуулийн эхний шатанд ялагч тодрохгүй бол хоёр дахь шатны санал хураалт тавдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах юм.

Хэрвээ Эрдоган сонгуульд ялагдвал ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд томоохон цохилт болно гэж ажиглагчид дүгнэж байгаа.

Баасан гарагт сөрөг хүчнийхэн сонгуулийн үр дүнд Москвагаас нөлөөлөхийг оролдож байна хэмээн шүүмжилж байсан бол Бямба гарагт Эрдоган өрсөлдөгчтэй нь хамтран ажиллаж буй АНУ-ын засаг захиргааг бас шүүмжилж байжээ.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version