Улс төр

Хуримтлалын тогтолцоо нэвтрүүлэхгүй бол нийгмийн даатгал болон төсвийг эрүүлжүүлэхэд хүндрэлтэй

Нийтэлсэн

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зөвлөмжийг тус зөвлөлийн дарга Д.Даваасамбуу танилцууллаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үндсэн зорилт нь Монгол Улс байгалийн баялгаа эрчимтэй ашиглах явцдаа хуримтлал үүсгэх бөгөөд 2010 онд хууль батлагдсанаас хойш төрийн мэдэлд Хүний хөгжил сан, Тогтворжуулалтын сан, Ирээдүй өв сан хэлбэрээр хуримтлал үүсгэх оролдлого хийж байгаа ч тодорхой шалтгааны улмаас эдгээр сангийн хөрөнгийг төсвийн орлого зарлагын бүрэлдэхүүн болгох эрх зүйн зохицуулалт хийдэг болохыг дурдав. Үндсэн хуульд 2019 онд хийсэн нэмэлт, өөрчлөлтийн гол санаа бол баялгийн өгөөжийг одоо ба ирээдүй үеийнхэнд тэгш хуваарилах зорилготой бөгөөд эдгээрт үндэслэн зөвлөл зөвлөмжөө гаргасан байна. Байгалийн баялгийг эрчимтэй ашиглаж байгаа өнөө үед эдгээр орлогоос хуримтлал үүсгэх шаардлага бий гэдгийг хэлж байв.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд урт хугацаатай хөрөнгийн эх үүсвэрүүд шаардлагатай байгаа аж.

Иймд нийгмийн даатгалын системээр дамжуулж хуримтлал үүсгэдэг олон улсын жишгийг Монголд нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг саналыг танилцуулав. Нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хувийг шууд дансанд нь олгох байдлаар шийдвэрлэвэл 2.4 их наяд төгрөгийн Тэтгэврийн сангийн орлогын тал орчим хувь нь буюу 1.3 их наяд төгрөг нь хувь хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэл болж, цаашдаа хуримтлал болох боломжтой хэмээн тооцжээ.

Ингэснээр иргэдийн даатгалд хамрагдах сонирхолыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна. Байгалийн баялаг бүхий орнууд бүгд энэ жишгээр хуримтлал үүсгэдэг болохыг Австрали, Хятад, Америк зэрэг улсын жишээг дэлгэрэнгүй танилцуулсан. Монгол Улс хуримтлалын ийм тогтолцоог нэвтрүүлэхгүй бол нийгмийн даатгал болон төсвийг цаашид эрүүлжүүлэхэд хүндрэлтэй болно гэдгийг тэрбээр тодотголоо.

Exit mobile version