Дэлхий
Оросыг Хятадын хараат улс болсон гэх Эммануэл Макроны үгийг Кремль эсэргүүцэв
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон саяхан Парисын өдөр тутмын “l’Opinion” сонинд өгсөн ярилцлагадаа Украины дайны улмаас олон улсын тавцанд ганцаардаж буй Орос улсын талаар ярьжээ.
“Орос улс Хятадаас хараат болох үйл явц бодитой эхэлж, Швед, Финландыг НАТО-д элсэхэд хүргэснээр Балтийн тэнгист нэвтрэх боломжоо алдаж байна. Хоёрхон жилийн өмнө ийм зүйл хэний ч санаанд багтахааргүй байлаа” гэж Макрон ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.
Францын ерөнхийлөгчийн үг тэр дороо Кремлийн эрх баригчдыг бухимдуулж, хариу эсэргүүцэл илэрхийлэхэд хүргэсэн юм.
Тухайлбал Даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа Орос, Хятадын харилцаа нь стратегийн түншлэлийн харилцаа бөгөөд хэн нэгнээсээ хараат болохтой ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.
ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Александр Грушко хэлэхдээ Орос-Хятадын харилцаа бэхжиж, дэлхийн дэг журам өөрчлөгдөхөд Парисын эрх баригчдын санаа зовж буйн илрэл гэж Макроны үгийг тайлбарласан байна.
“Олон улсын харилцааны олон талт тогтолцоо, тэр дотроо Орос, Хятад зэрэг хэд хэдэн хараат бус төвүүд бидний нүдэн дээр бүрэлдэн бий болохоос Өрнөдийнхөн эмээж байгаа бололтой. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж буй энэ үед Эммануэл Макрон өрнөдийн бусад удирдагчдын хамт Москва, Бээжингийн хооронд хүчтэй, эрх тэгш, харилцан хүндэтгэсэн харилцаа бий болж буйтай эвлэрэх нь гарцаагүй юм” гэж Грушко гадаад харилцааны яамны цахим хуудсандаа бичжээ.
Ням гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг Францын ерөнхийлөгч Парис хотноо хүлээн авч уулзсан юм. Зеленский өнгөрсөн Бямба гарагаас эхлэн Итали, Герман, Франц, Их Британи зэрэг баруун Европын хүчирхэг орнуудаар тойрон айлчилжээ. Энэ үеэр Өрнөдийн удирдагчид Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхээ амласан юм.
Эх сурвалж: Reuters