Нийгэм
Тойроггүй гишүүдийн эсэргүүцэл
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж, сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөс өөр аргагүй нөхцөл байдал тулсан учраас эрх баригчид бүхий л жижиг нам, гудамжнаас танигдсан улстөрчдийг өөрсдийнхөө талд зогсоож чадсан бололтой. Тэгэхээр хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж, гишүүдийн тоог нэмэх нь эргэлзээгүй болж, зарим гишүүд ихээхэн дургүй байгаа. Тодотгож хэлбэл, айсуй 2024 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн мандатгүй хоцорч, магадгүй гишүүд бүр ч их дургүйцлээ илэрхийлж байгааг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байна. МАН-аас айсуй сонгуульд мандат авч чадахгүй олон хүн бий.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Даваасүрэн гээд цааш үргэлжилнэ. Өдгөө Хөгжлийн банкны болон нүүрсний хэрэгт зарлагдсан гишүүд бол айсуй 2024 онд нэр дэвшихгүй гэсэн үг. Түүнийг зүгээр ч нэг зарлаагүй. Нэр дурдагдаж, эсэргүүцэж буй гишүүдийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эрс эсэргүүцэж байгаагаас мандатгүй гэдгийг нь харж болно.
Жишээ нь сүүлийн үед болж байгаа УИХ-ын чуулган болон бусад хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн байдлаар шийдэлд хүрэх эсэхдээ тулсан. Чухам ямар байр сууриуд явж байгааг монголчууд эрх биш гадарлаж байгаа.
Ганцхан энэ жишээ ч биш, олон гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ярьж, гишүүдийн тоо нэмэх эсэхээс бухимдсан. Магадгүй, Үндсэн хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу байж болох ч эрхэм гишүүдийн хувьд тэс өөр асуудал байгааг эх сурвалж дуулгасан. Түүнээс бус тэд хамтаараа хүч түрэн шийдэж байгаа шийдвэрийн эсрэг дуугарч чадахгүй. Одоо бол нэгэнт мандатгүй үлдэж байгаа учраас хэргээр эсэргүүцэж байгаа нь илт харагдана.