Улс төр

2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийтэлсэн

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2023.05.18) нэгдсэн хуралдаан 15 цаг 29 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн боловсруулан хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээ нэн тэргүүнд танилцуулав.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын төгсгөлтэй залгаад геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас улбаатай сүүлийн 40 жил тохиолдоогүй инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилтыг бий болгосон. Гэсэн хэдий ч Засгийн газар өнгөрсөн онд экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд 2022 оны 1 дүгээр улиралд 3.9 хувиар агшаад байсан эдийн засаг оны эцэст 4.8 хувиар өслөө. Түүнчлэн, 2022 онд 16.9 хувьд хүрч байсан инфляц оны эцэст 13.2 хувьд, 2023 оны эхний 4 сарын байдлаар 11.3 хувьд  хүрч харьцангуй тогтворжоод байгааг танилцуулгад дурдав.

Засгийн газраас сүүлийн 3 жилд хугацаа тулсан арилжааны нөхцөлтэй Засгийн газрын үнэт цаасуудыг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр шийдвэрлэж ирсэн байна. Тухайлбал, 2017 онд авсан 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын үлдэгдэл төлбөр болох 368.4 сая ам.долларыг 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулжээ. Ингэснээр 2021 оноос хойш нийтдээ 1,650.0 сая ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлж, үр дүнд нь өнөөдөр өрийн дефолтын эрсдэлээс бүрэн сэргийлж чаджээ.

Экспортын сэргэлт үргэлжилж, энэ оны тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нүүрсний экспортыг өмнөх оны мөн үеэс 4.6 дахин өсгөж 20.7 сая тоннд хүргэж чадлаа. Экспортын голлох бүтээгдэхүүн нүүрсний тээвэрлэлт, борлуулалтад үүсээд байсан хүндрэл, бэрхшээлийг арилгаж ил тод нээлттэй болгох, ашигт малтмал тойрсон авлига, албан тушаалын хэргүүдийг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх зэрэг томоохон арга хэмжээг өнгөрсөн 2022 оны сүүлээр эхлүүлснийг энэ онд эрчимтэй үргэлжлүүлж байгаа юм.

Монгол Улс анх удаа биржээр нүүрсээ амжилттай ил тод, нээлттэй арилжаалж “уурхайн ам” нөхцөлөөр хямд зарагдаж байсан нүүрсийг “хил” нөхцөлөөр өндөр үнэтэй борлуулж эхлээд байгааг Б.Жавхлан сайд илтгэлээ. Ингэснээр байгалийн баялгийн үнэ цэн өсөж, Монгол Улсад орох валютын урсгал нэмэгдэж байгаа аж. Үүний үр дүнд 2022 оны нэгдүгээр улиралд 1 тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл энэ оны нэгдүгээр улиралд 79.6 сая ам.долларын ашигтай болж, улмаар 2.4 тэрбум ам долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны 4 дүгээр сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрч сайжраад байгаа гэлээ.

Дэлхий дахинд эрчим хүчний болон хүнсний үнийн өсөлт 2023 оны эхнээс саарсан, мөн урд хөрш цар тахлын хатуу хөл хориогоо цуцалсан зэрэг нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний гадаад эрэлт болон үнэд эергээр нөлөөлж байна. Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих боомтын болон дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж байгаа юм байна. Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр хэрэгжүүлж байгаа дээр дурдсан арга хэмжээний үр дүнд эдийн засгийн өсөлт 2023 онд 6.0 хувьд хүрч цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс өсөхөөр байгаагийн зэрэгцээ оны эцэс гэхэд  төсвийн орлого 1.0 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр тооцож байгаа аж.

Монгол Улс эдийн засгаа сэргээх, засаглалаа сайжруулах чиглэлээр богино хугацаанд олсон амжилтаа бататган чармайж ажиллавал 2024 онд экспортыг 14.2 тэрбум ам.долларт, гадаад худалдааны ашгийг 4.3 тэрбум ам.долларт хүргэснээр эдийн засаг 6.5 хувиар өсөж, инфляц 8.0 хувьд хүрч тогтворжих хүлээлттэй байгаа аж. Цаашид экспортыг нэмэгдүүлэх төслүүдэд гол анхаарал хандуулан төрөлжүүлэх, аливаа гадаад шокоос эдийн засгийн хамаарлыг бууруулж, эдийн засгийн дархлааг бий болгох нь дунд, урт хугацаанд тогтвортой өсөлтийн суурь болохыг мөн төслийн танилцуулгад дурдсан.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд 2024 онд, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 21,163.2 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 22,996.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -1,832.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай байхаар тооцож, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад бүрэн нийцүүлэн төлөвлөжээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулав. Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Засгийн газраас макро-эдийн засгийн нөхцөл байдлын төсөөлөлд суурилан дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогын зорилтуудыг тодорхойлох, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлт, төсвийн орлого, зарлагад баримтлах чиглэлүүдтэй уялдуулан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын төсвийн хяналт шинжилгээний асуудал хариуцсан нэгжээс хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.1-6.1.4-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх танилцуулга, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолоор баталсан зөвлөлийн дүрмийн 3.1.1 дэх заалтад тусгагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж гаргасан дүгнэлт, зөвлөмжөө Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг төслийн талаар санал, дүгнэлт гаргасныг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулсан юм. Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилийн төсөв үрэлгэн, оновчгүй болох төлөвтэй байгааг сануулж, улс орноо бодож, холыг харж ирэх жилийн төсвийг төлөвлөхийг сануулсан. Сүүлийн жилүүдэд татварын орлого огцом өсч, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2024 онд 21.1 их наяд төгрөг болж, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгаа ба ийм үед хуримтлал хийхийг эрмэлзэх, холбогдох хуулийг хэрэгжүүлэх шаардлагатайг тус бүлгийн санал, дүгнэлтэд дурджээ. Ирэх оны төсөв 22,9 их наяд төгрөгт хүрэх ч 2 их наяд төгрөгөөр тоологдох алдагдалтай, ДНБ-ий 35 хувьд хүрсэн хэмжээтэй байх төлөвтэй учир төсвийн зарлагын дээд хэмжээ, зарлагын өсөлт, хөрөнгийн зардлын хэмжээг бодитойгоор тооцож, холбогдох өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэжээ. Мөн эдийн засаг дахь төр, төсвийн оролцоо бууруулах санал, гадаад өрийн талаарх сануулгууд  тай холбоотой саналуудыг дурдсан юм. Төслийн хэлэлцүүлгийн явцад төсвийг алдагдалгүй төлөвлөж, гадаадын зээл тусламжийг зөв зүйтэй төсөлд зориулах, хөрөнгийн зардлыг бууруулах, бүх шатны төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх замаар төсөвт ирэх ачааллыг богино, дунд хугацаанд бууруулахад анхаарах шаардлагыг сануулсан. Мөн төр, төсвийн эдийн засагт оролцох оролцоог үлэмж бууруулж, нийгмийн салбарын хувьчлалыг эхлүүлэн улсын үйлдвэрийн газар, компаниудын үр ашгийг дээшлүүлэх зөв менежмент нэвтрүүлэх, хяналтыг сайжруулах, хувьчлах асуудлыг анхаарч, тусгах нь зүйтэй гэв.

Ийнхүү төсөл санаачлагчийн илтгэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Инфляцын талаар тодруулсан гишүүдийн асуултад Ч.Хүрэлбаатар сайд хариулт өгөхдөө “2022 оны эхний хагаст инфляц 16.1 хувь байсан бол энэ сарын 15-ны байдлаар 10.5 хувьтай байгаа. Мөнгөний бодлого, төсвийн бодлогын нийцлээр инфляцыг бууруулах зорилттойгоор ажиллаж байна. Бодлогын хэрэгжилт хэвээр үргэлжилвэл инфляцыг нэг оронтой тоо буюу 8 хувь гэж төлөвлөсөн. Мэдээж Засгийн газар биелүүлэхийн төлөө ажиллана. Төгрөгийн ханш тогтворжиж, төсөв, мөнгөний бодлого зөв явж байна. Хувийн хэвшлийн үйл ажиллагааг явуулах таатай орчныг бүрдүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дээрх төлөвлөлт биелэх боломжтой хэмээн тооцож байгаа” гэсэн. Төсвийн орлогыг нэмэгдэж буй энэ нөхцөлд татваруудыг бууруулах боломжтой эсэхийг тодруулахад аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийг тогтвортой ажиллах боломжийг олгох чиглэлээр татварыг өөрчлөхгүй байх бодлогыг Засгийн газраас баримталж ажиллана гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн.

Гадаад өрийн нөхцөл байдлын талаар тодруулсан гишүүдийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан дараах хариултыг өгсөн юм.  Өнгөрсөн 3 жил маш хүнд байсан бөгөөд манайхтай ижил В+ зээлжих зэрэглэлтэй олон улс орны зэрэглэл буурсан. Харин Монгол Улсын хувьд 3-4 жил тогтвортой байсан нь амжилт гэдгийг тэмдэглэн хэллээ. Өнгөрсөн хугацаанд төсвийн үлэмж алдагдалтай, Хөгжлийн банк хүнд нөхцөлд орсон, гадаад өр зээлүүд тулчихсан, гадаад валютын албан нөөц 2 тэрбум ам.долларт хүрсэн маш өндөр эрсдэлтэй нөхцөлд Засгийн газар цаг алдалгүй хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэдгийг тэрбээр хэллээ. Эдгээрийн үр дүнд Хөгжлийн банкны үйл ажиллагааг тогтворжуулж, экспортыг тултал нэмж, төлбөрийн тэнцлээ энэ оны I улиралд нэмэх болгосон гэв. Монгол Улсын валютын албан нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний үр дүнд зээлжих зэрэглэл хэвээр үлдсэн бөгөөд энэ нь олон эерэг үр дагавар үүсгэж байгааг нэгбүрчлэн дурдав. Цаашдаа зээлжих зэрэглэлээ шат дараатайгаар нэмэх зорилгыг Засгийн газраас дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Төсвийн зардалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж, хэмнэх боломжийн талаар тодруулсан гишүүдийн асуултад Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайд нар хариулт өгсөн. Төсвийн зардлыг хэмнэх нь чухал бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд 2022 онд 1 их наяд орчим төгрөгийн бодит хэмнэлт хийсэн байна. Хэлэлцэж буй төслийг ч мөн дээрх хуулийн дагуу төлөвлөсөн гэв. Тодруулбал, хэмнэх боломжгүй буюу эхний ээлжид олон нийтэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг бүрэн санхүүжүүлэх хэмжээний зардлын төслийг тусгаад байгаа гэдгийг ч мөн онцолсон.

Хүүхдийн мөнгөний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж, төсөл дэх төлөвлөлтийн талаар Улсын Их Хурлын гишүүд тодруулсан юм. Хэдхэн сарын өмнө Монгол Улс ОУВС-гаас тусламж хүсэх үү, дефолт зарлах уу гэдэг сонголт дээр байсан гэдгийг Б.Жавхлан сайд хэлэв. Хэрэв ОУВС-д хандсан бол хүүхдийн мөнгийг өнөөдрийнх шиг 91 хувьд нь олгох биш, 60 хувьд магадгүй 50 хувьд л олгох нөхцөл тулах байсан. Харин энэ хүнд байдлаас өнөөдөр гарсан гэдгийг хэлсэн юм. Монгол Улс гадаад өрөөс хамааралтай дефолтод орох эрсдэлгүй болсныг хэлээд “Төсвийн тогтвортой байдлаа бид маш сайн барьж ирлээ. Макро тэнцвэрүүд сайжирч байна. Ийм учраас бид хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр, тэтгэмжээ эргэн харах боломж, нөхцөл бүрдлээ. Нарийн тооцооллыг төсвийн төсөлд тусгах юм. Хүүхдийн мөнгийг өнөөдрийнхөөсөө илүү хүртээмжтэй болгохоор төлөвлөсөн” гэлээ. Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа төрийн албан хаагчдын цалингийн бодлогыг цэгцлэхээр төлөвлөөд байгаа аж. Үүнийг хуулийн хязгаартаа төлөвлөөд төсөлд тусгахад төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг болж байгаа гэдэг тайлбарыг хийж байв. Үүн дээр хуулийн дагуу төрийн үйлчилгээнүүдийн зардлыг нэмэхээр 3.4 их наяд төгрөг болох тооцоолол бий. Үүний зөрүү 900 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэх даалгавар Засгийн газарт оногдож байгаа аж. Энэ нь том сорилт болж байгаа гэдгийг Сангийн сайд хэлсэн. Үүний зэрэгцээ Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Засгийн газар хоёр жилийн хугацаанд нягт тооцож, төлөвлөж, боловсруулсан. Хууль батлагдвал тэр хүрээнд төсөвлөх болно. 2024 оны төсвийн хуулиараа нийгмийн даатгалын багц шинэчлэлийг хэрэгжүүлээд эхэлнэ гэж төлөвлөж байгаа гэв.

Зээлийн хүүг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаарх асуултад “2019 оны эцсээр арилжааны банкуудын зээлийн хүү дунджаар жилийн 12 хувь, сарын 1 хувь болж байсан ч олон сорилт тулгарсан. Зээлийн хүү бол цэвэр зах зээлийнхээ жамаар тогтдог. Цаашид эдийн засгаа тогтворжуулах, төсвийн алдагдлаа бууруулах, төв банкны валютын нөөцөө өсгөх зэрэг макро тэнцвэрүүдийг хангахаар зорьж ажиллаж байна. Үүний үр дүнд зээлийн хүү буурахуйц макро суурь бүрдэнэ гэж найдаж байна. Засгийн газар зээлийн хүүг шууд онилж ажиллах боломжгүй” гэдэг хариултыг өгсөн.

Төсвийн орлого өмнөх үеийнхээс нэмэгдсэн байгаа ч зардал тэр хэрээр өссөн байгааг зарим гишүүн шүүмжилж, хуримтлал үүсгэх шаардлагыг сануулж байлаа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалсан эхний хэдэн сарын үр дүн энэ хэвээр үргэлжлэх боломжтой эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд хариулт өглөө. Биржийн 40 удаагийн арилжаагаар 1.2 сая тонн нүүрс худалдаалсан байна. Биржээр, өрсөлдөөнд оруулаад худалдаалахаар нүүрс өндөр үнээр борлуулж байна. Үүний ашгийг Монголын төр, ард түмэн хүртэж байгаа. Энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс зэс, жонш, цайр, төмөр, хүдэр, нүүрс гээд уул уурхайн бүх төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж эхэлнэ. Уул уурхай дагасан авлига, хулгай, булхайг цэгцлэх юм. Тодорхой төрлийн бэрхшээлүүд үүсч байгаа ч өөрчлөх, сайжруулах ажлуудыг тогтмол хийж байгаа гэдэг хариултыг хэлсэн.

Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг төсөлд хэрхэн тусгасныг гишүүд тодруулсан. Засгийн газраас ажил нь эхэлсэн барилгуудыг гүйцээх бодлогыг баримталж байгаа бөгөөд Улсын Их Хурал дэмжиж ажиллаж байгааг дурдаад, улсын төсвийн 2024 оны хөрөнгө оруулалтын хувьд дараах бодлого, шалгуур үзүүлэлтийг баримтлах юм байна. Нийгмийн болон дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтаар дамжуулан хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих аж. Түүнчлэн хөрөнгө оруулалтын эх үүсвэр хооронд оновчтой хуваарилалт, тохируулга хийснээр нэн шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх юм байна. Мөн иргэдийн оролцоонд суурилсан ил тод, цахим, хэмнэлттэй бөгөөд үр ашигтай төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх зарчмыг баримтлах аж. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгээс хариулт авсны дараа төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Г.Амартүвшин, Д.Ганбат, Б.Баттөмөр, Ж.Чинбүрэн нар үг хэлэв. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 51 гишүүний 56.9 хувь нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор тус тус танилцууллаа.

Төсөл санаачлагч нь Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан нийт 13.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 8 тэргүүлэх чиглэл, 184 төсөл, арга хэмжээг тусгаж, үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 2.3 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 0.2 их наяд төгрөг, гадаадын зээлээр 1.3 их наяд төгрөг, гадаадын тусламжаар 0.5 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.5 их наяд төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 3.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 1.6 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ.

Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.Тогтоолын төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа гэдгийг санал, дүгнэлтэд онцолжээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл өгөв. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд ямар арга хэмжээ тусгагдсан талаар Ж.Чинбүрэн гишүүн тодруулав. Төсөлд эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өвчлөл, нас баралтыг бууруулах чиглэлээр дотоодод худалдаалж байгаа эмийн чанарыг олон улсын стандартад нийцүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийх, нийтийн биеийн тамир, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийх ажлуудыг тусгасан гэв. Тэр дундаа эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийх хүрээнд Сүрьеэгийн эмнэлэг барих ажлыг үргэлжлүүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилга барих болон “Хавдар судлалын үндэсний төвийн салбарII”-ын барилга барих ажлуудыг тусгаад байгааг С.Чинзориг сайд хэллээ. Түүнчлэн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлтийг хийхээр төлөвлөн, ажиллаж байгаа гэх мэдээллийг өгсөн.

Ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, төсөлд энэ чиглэлээр тусгагдсан арга хэмжээний талаар тодруулсан М.Оюунчимэг гишүүний асуултад Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд хариулт өгөв.  Хувийн хэвшлийг дэмжих замаар эдийн засгийг тэлж, түүний үр дүнд ажлын байр бий болно гэдгийг хэлээд “2022 онд Монгол Улсын эдийн засаг 4.8 хувиар өсөхөд шинээр 32300 ажлын байр бий болсон. Тэгэхээр 2023 онд 50 орчим мянган ажлын байрны захиалга ирж байгаа, ирэх онд буюу 2024 онд 60 орчим мянган ажлын байрны захиалга ирнэ гэж тооцоод байна” гэлээ. Тиймээс олон улсын шаардлагад нийцсэн мэргэжил, ур чадвартай хүний нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд мэргэжлийн ур ажиллах хүчний нөөцийг бэлтгэх хүрээнд бүс нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн КООСЭН сургалтын хөтөлбөрийг аймаг бүрд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтад нэвтрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Баялгийн сан байгуулах шаардлагыг хэлж, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг санууллаа. Түүнчлэн шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах саналыг хэлж байв. Төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр баримтлах бодлогын талаар тодруулсан Б.Энх-Амгалан гишүүний асуултад Ч.Хүрэлбаатар сайд хариулт өгсөн. Бүс нутгийн хөгжлийг дэмжихийн тулд тухайн бүс нутгийнхаа боомтоор хөрш оронтой чөлөөтэй харилцаж, худалдаа эрхлэх боломжтой, дэд бүтэцтэй байх шаардлагатай гэж боомтын шинэчлэлийг хэрэгжүүлж байгаагаа тайлбарлав. Түүнчлэн боомт руу явсан замууд, дэд бүтцийн бүтээн байгуулалт дээр Засгийн газар онцгой анхаарч аижллаж байгааг хэлсэн.

 

Аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хүрээнд Цагаансуваргад бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байгааг хэлээд тус бүс нутгийг тусгай хамгаалалтад авах санал гаргаад, судалгаа хийгдэж байгаа явцын талаар тодруулсан Б.Саранчимэг гишүүний асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Дундговь аймгийн Цагаансуваргад палеонтологийн нөөцөд тулгуурлан “Аялал-Судалгаа-Амралт”-ын цогцолбор байгуулах ажлыг тодруулж байна. Засгийн газраас боловсруулсан 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний тэргүүлэх чиглэл чиглэлд аялал жуулчлалын салбарыг тодорхойлсон. Энэ хүрээнд аялал жуулчлалын бүс нутгуудад дэд бүтэц болон бусад бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөгдсөн.  “Аялал-Судалгаа-Амралт”-ын цогцолборын ТЭЗҮ, зураг төслийн ажил Эдийн засаг хөгжлийн яаманд ирснээр энэ ажил төсөлд тусгагдаад, жилийн төлөвлөгөөндөө орсон” гэдэг хариултыг өгөв. П.Анужин гишүүн бүтээн байгуулалтаа бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй байгаа талаар шүүмжлээд, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэргээн засах төвийг дурдав. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн механизмийг оновчтой болгосноор хөгжих, олон улсын жишигт хүрэх боломж нээгдэнэ гэж тооцож байгаагаа Ч.Хүрэлбаатар сайд хариулт өглөө.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Сарангэрэл нар Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэв. Ийнхүү “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Exit mobile version