Дэлхий

Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудын удирдагчид Хятадад чуулж байна

Нийтэлсэн

Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн таван улсын удирдагчдыг БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин өчигдөр эртний түүхт Шиань хотод улаан хивс дэвсэн хүлээж авсан байна.

Бээжингийн эрх баригчдын анх удаа зохион байгуулж буй Хятад-Төв Азийн дээд хэмжээний чуулга уулзалт эхэлж байгаа нь энэ юм.

Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш Хятадын төрийн тэргүүн Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистаны удирдагчдыг анх удаа нэг дор хүлээн авч уулзаж байгааг Хятадын төрийн төв хэвлэл онцолжээ.

Украины дайны улмаас дээрх улсуудад Оросын хүч нөлөө суларсан тул Хятад улс энэхүү суларсан орон зайг нөхөх зорилготой гэж ажиглагчид дүгнэж байна.

“Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хамгийн чухал нөхцөл бол Украины дайны улмаас энэ бүс нутаг дахь Оросын цаашдын үүрэг, нөлөө тодорхойгүй болсон явдал юм. Үргэлж Оросын нөлөөллийн бүсэд тооцогддог байсан Төв Азид одоо Хятадын хүч нөлөө эрчимтэй өргөжиж байгаа. Хятад-Төв Азийн харилцааны шинэ чиг хандлага, боломж урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрээд байна” гэж Вашингтон дахь Стимсоны Төв стратегийн судалгааны хүрээлэнгийн Хятадын хөтөлбөрийн захирал Юн Сүн тайлбарлажээ.

Хоёр өдөр үргэлжлэх уулзалтад Казахстаны ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев, Киргизстаны ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзёев нар хүрэлцэн ирсэн байна.

Уг чуулга уулзалт өнөөдөр Япон улсын Хирошима хотод эхэлж буй Их Долоогийн бүлгийн дээд хэмжээний чуулгантай давхцаж байгаа юм.

Чуулга уулзалтын үеэр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин урт хугацааны хамтын ажиллагааны хэд хэдэн саналыг Төв Азийн удирдагчдад танилцуулах тухай Бээжингийн албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Гэхдээ Оросын суларсан орон зайд нөлөөгөө нэмэгдүүлэх хүсэлтэй улс Хятад ганцаараа биш юм.

Өрнөдийн орнууд ч энэ бүс нутагт анхаарлаа хандуулаад байгаа. Энэ оны эхээр Казахстан, Узбекистан улсуудад АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен айлчилсан бол 2022 оны аравдугаар сард Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишел бас эдгээр улсуудад зочилсон юм.

Шианий уулзалтын нэг гол сэдэв нь эдийн засгаас гадна аюулгүй байдлын хамтын ажиллагаа байх төлөвтэй байна.

Төв Азийн орнуудад үүссэн тогтворгүй байдал муслим хүн ам голлон суудаг Шинжааны бүс нутагт нөлөөлөхөөс Бээжингийн эрх баригчид болгоомжилдог.

Украины дайны асуудлаар Хятад болон Төв Азийн орнуудын аль аль нь төвийг сахисан байр суурьтай байгаа. Гэхдээ Оросын эзлэн түрэмгийллийн дараагийн бай болох айдас болгоомжлол эдгээр улсуудын удирдагчдын дунд нэмэгдсэн нь тодорхой.

Тиймээс Хятад улстай аюулгүй байдлын чиглэлд хамтран ажиллах сонирхол Төв Азийн орнуудад байгаа гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: cctvplus

Exit mobile version