Дэлхий

Оросын цэргийг Бахмутаас нэмж ухрааснаа Украины зэвсэгт хүчин мэдээллээ

Нийтэлсэн

Бахмут хотоос Оросын цэргийн ангиуд нэмж ухарсан тухай Украины зэвсэгт хүчин болон Вагнер группийн удирдлага аль аль нь өчигдөр мэдээлжээ.

Оросын тал одоо Украины давшилтыг удаашруулахын тулд гол замуудыг бөмбөгдөн сүйтгэж байгаа гэнэ.

“Манай давшилтыг удаашруулахын тулд тэд одоо фронтын шугам руу чиглэсэн бүх замыг бөмбөгдөж байна. Үүний улмаас манай хуягт машинууд явган цэрэг, сум хэрэгсэл зэргийг тээвэрлэн хүргэхэд хэцүү болж байна” гэж Украины их бууны ангийн захирагч Петро Подару мэдээлжээ.

Түүний нэмж мэдээлснээр Украины анги нэгтгэлүүд фронтын шугамаар 1.6 км хүртэл зайд урагшлаад байгаа гэнэ. Хэрвээ энэ мэдээлэл батлагдвал сүүлийн зургаан сарын турш хориглон байлдаж байсан Украины зэвсэгт хүчний хувьд томоохон эргэлт болж байна.

“Манай анги нэгтгэлүүд зэвсэг техник, хүн хүчний хувьд давуу биш байгаа ч давшилтаа үргэлжлүүлж, 150-аас 1,700 метр хүртэл зайд урагшлаад байна” гэж Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Череваты өчигдөр телевизээр ярьжээ.

Украины талын өгсөн мэдээллийг Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин бас баталсан юм.

Өчигдөр тэр сошиал сувгаараа ярихдаа Оросын армийн ангиуд Бахмутын хойд болон урд жигүүрээс ухарсны улмаас Вагнерын хүч бүслэгдэх аюултай болоод байгааг мэдээлжээ.

“Харамсалтай нь Оросын батлан хамгаалах яамны анги нэгтгэлүүд Бахмутын хойд хэсэгт 570 метр хүртэл ухарснаас манай байрлалууд суларч байна. Миний захиаг батлан хамгаалах яамны удирдлагууд уншихгүй байгаа тул би олон нийтийн өмнө ил тод уриалъя. Байрлалаасаа битгий ухраач гэж хүсэж байна” гэж Пригожин ярьсан юм.

Бахмутын давшилтаа Украины эрх баригчид удахгүй эхлэх өргөн хүрээний сөрөг давшилтын “оршил” хэсэг гэж тайлбарлаж байгаа.

Сөрөг давшилт эхлэхээс өмнө Оросын тал Украины хотуудад аль болох их хохирол учруулахаар агаарын довтолгоогоо эрчимжүүлээд байна.

Пүрэв гарагийн шөнө явуулсан ээлжит довтолгооны үеэр Оросын талаас нийт 30 пуужин харвасны 29-ыг нь устгаснаа Украины зэвсэгт хүчин мэдээлжээ.

Агаарын довтолгооны үеэр Одесса хотод нэг хүн амь үрэгдсэн байна.

Пүрэв гарагийн шөнө Оросын хяналтад байгаа Крымийн хойгт болсон дэлбэрэлтийн улмаас төмөр замын гол шугам эвдэрч, ачааны галт тэрэгний цуваа замаасаа гарсан юм.

Оросоос томилогдсон орон нутгийн удирдлагууд үүнийг ямар нэг гаднын нөлөөтэй осол гэж таамаглаж байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version