Энтертайнмент

Усмоновын дасгалжуулагч: Б.Чинзоригийг манай тамирчин ялсан байх учиртай

Нийтэлсэн

Узбекистаны нийслэлд болсон сонирхогчдын боксын ДАШТ-д манай эрэгтэй тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн. 63,5 кг-ын жинд Б.Чинзориг мөнгөн медаль авч, дэлхийн медальтны эгнээнд багтсан билээ.

Түүнтэй мөнгөн медалийн төлөө өрсөлдөж ялагдан, хүрэл медаль авсан Тажикстан улсын Баходур Усмонов эх орондоо баатрын ёсоор харьсан. Тэрээр Тажикстаны эрэгтэй бокст 12 жилийн дараа дэлхийн медаль авчирсан юм. Усмонов нисэх буудал дээр “Дэлхийн аваргын тэмцээний хүрэл медаль бол асар том амжилт. Би энэхүү медалиа бахархалтайгаар зүүж байна” гэж мэдэгдсэн нь тун баяртай байгааг илтгэж байлаа.

Харин тамирчны дасгалжуулагч Мирзо Шамсиев шүүлтэд эргэлзэж байгаагаа сэтгүүлчдэд илэрхийлжээ. Шамсиев “ДАШТ-д сул өрсөлдөгч гэж байхгүй. Баходур хагас шигшээд шалгарч, Монголын Б.Чинзоригт шүүгчдийн саналаар 1:4 ялагдсан. Мэдээж энэ бол том амжилт, бид сэтгэл хангалуун байгаа. Дэлхийн медалийг бид бүтэн 12 жил хүлээсэн. 2011 онд Анвар Юнусов хүрэл медаль авч байсан. Гэхдээ Усмоновыг финалд шалгараагүйд харамссан сэтгэл үлдсэн. Тэр алтан медальд маш ойрхон байлаа. Харамсалтай нь шүүлтийн алдаа гарсан. Мөнгөн медалийн төлөө түүнтэй өрсөлдсөн монгол тамирчин манай тамирчнаас техник, бие бялдрын хувьд илүүрхэх юм юу ч алга байлаа. Монгол боксчин маш бохир тулалдаж, байнга дүрэм зөрчиж байсан ч торгуулаагүй. Хэрэв үнэн бодит шүүсэн бол ялалт манай талд байх ёстой байсан гэдэгт би итгэлтэй байна. Баходур дэлхийн аварга болох боломжтой байсан. Финалд шалгарсан Узбекистаны тамирчин ч Баходурын хувьд хүнд өрсөлдөгч байгаагүй. Баходур 25-хан настай. Тэр жиндээ хамгийн шилдэг нь болж чадна. Сонирхогч, хагас мэргэжлийн тулаанд туршлага хуримтлуулж, сэтгэл зүйн хувьд хатуужсан залуу” гэж орон нутгийн сэтгүүлчдэд ярьсан байна.

Б.Чинзориг, Усмоновын тулааны хувьд эхний үед Б.Чинзориг илт илүүрхсэн. Харин хоёрдугаар үеэс Усмонов урагш дайрч эхэлсэн ч манай тамирчны цохилт илүү оновчтой байлаа. Сүүлийн үед ойрхон өрсөлдсөн ч ялалт Б.Чинзоригийн талд байх нь ойлгомжтой байв. Шүүгчид 4:1 манай тамирчинд ялалт өгсөн юм.

Exit mobile version