Дэлхий
Арменийн ерөнхий сайд тус улс Оросын тэргүүлдэг цэргийн эвслээс гарч болзошгүй тухай ярьжээ
Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян өчигдөр Ереван хотод сэтгүүлчидтэй уулзахдаа тус улс Оросын тэргүүлдэг Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас гарч болзошгүй тухай мэдэгджээ.
Армени улс хөрш Азербайжантай олон жил үргэлжилсэн газар нутгийн маргаанаа шийдвэрлэж чадахгүй байгаа. Сүүлийн жилүүдэд Армени-Азербайжаны хооронд хэд хэдэн удаа зэвсэгт мөргөлдөөн гарсан юм. ХАГБГ-ын гишүүн орнууд харилцан нэг нэгнийхээ газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад туслах үүрэгтэй.
Гэвч ОХУ-ын эрх баригчид энэ үүргээ биелүүлж, Азербайжаны түрэмгийллээс хамгаалахад туслахгүй байгааг Арменийн тал шүүмжлэх явдал сүүлийн үед улам нэмэгдсэн юм.
“ХАБГБ-аас Армени улс гарах боломжийг би үгүйсгэхгүй” гэж Пашинян өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Энэ долоо хоногийн Пүрэв гарагт тэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний зуучлалаар Москва хотод Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзах юм.
“Бүс нутгийн аюулаас хамгаалах систем үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул бид одоо Өрнөдийн түншүүдтэй аюулгүй байдлын асуудлаа ярьж эхлээд байна” гэж Пашинян хэлснээс үзвэл тус улс Москвад найдах аргагүй болж, өөр арга хайж эхэлсэн бололтой.
Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойш Армени улс нь ОХУ-ын батлан хамгаалах болон эдийн засгийн хамтын ажиллагаанд түшиглэн хөгжих болсон юм.
2020 онд газар нутгийн маргаантай Уулын Карабахын нутагт Армени, Азербайжан улсуудын хооронд зургаан долоо хоногийн турш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байв.
Уг мөргөлдөөн ОХУ-ын зуучлалаар өндөрлөж, Уулын Карабахт Оросын энхийг сахиулах хүч байрлах болсон юм.
Гэвч энхийг сахиулагчид үүргээ биелүүлэхгүй байгаагаас өнгөрсөн хугацаанд хоёр улсын хил дээр мөргөлдөөн хэд хэдэн удаа гарсан байна.
Эх сурвалж: AFP