Дэлхий

Дэлхийн эрүүл мэндийн ассамблей чуулж байна

Нийтэлсэн

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 76 дугаар чуулган Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 21-ний өдөр эхэллээ. Энэ жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 75 жилийн түүхэн ойн жил тохиож байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны тавдугаар сард КОВИД-19 цар тахлыг олон улсын эрүүл мэндийн онц ноцтой байдал хэмээн зарласан байсныг цуцалсаны дараах эхний чуулган болж байгаагаараа түүхэн онцлогтой юм.
Чуулганы нээлтэд Швейцарийн Холбооны Улс, Мозамбик, Энэтхэг, Зүүн Тимор, Шинэ Зеланд, Словак, Морокко зэрэг улсын төр, засгийн тэргүүд болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
Ассамблейн 76 дугаар чуулганы ерөнхий хэлэлцүүлэг “ДЭМБ 75 жилд: Амь насыг аварч, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анх 1948 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл дэлхийн улс орнуудад хүний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн төлөө энэ байгууллагын оруулсан хувь нэмэр, түүхэн ололт амжилтыг сайшааж, энэ хугацаанд хүн төрөлхтөний өмнө тулгарсан эрүүл мэндийн аюулгүй байдалтай холбоотой аюул занал, сорилт, хүндрэл бэрхшээл, сургамж, туулсан зам бүгдийг эргэн дурсаж, цаашид анхан шатны эрүүл мэндийн тусламж үйчилгээг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах нийтлэг зорилтын хүрээнд гишүүн улс орнууд хүлээсэн амлалтаа ажил хэрэг болгох талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаагаа тайлагнан хэлэлцэж байна.

Энэ жилийн чуулганы хуралдаанд НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар оролцож байна. Чуулганы нэгдсэн хуралдааны ерөнхий хэлэлцүүлэг, чуулганы А хорооны хуралдаануудад Др. С.Төгсдэлгэр оролцож, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон бүх нийтийн хамрагдалт, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах зэрэг асуудлаар үг хэлнэ.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 76 дугаар чуулганы үеэр манай төлөөлөгчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газрын захирал Др. Адриана Бланко Маркизо тэргүүтэй албаны хүмүстэй уулзалт хийв. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох Тамхины хяналтын суурь конвенцийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх чиглэлээр Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газраас зарим асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэгийг авахаар санал солилцож ярилцлаа.

Exit mobile version