CRI Монгол радио
БНХАУ ба Төв Азийн орнуудын түншлэл
БНХАУ ба Төв Азийн таван орон, тодруулбал Казахстан, Киргиз, Тажикстан, Туркменистан болон Узбекистаны анхны дээд хэмжээний уулзалт өнгөрөгч долоо хоногт буюу тавдугаар сарын 18-19-нд Хятад улсын баруун хойд нутгийн Шааньси мужийн Шиань хотноо боллоо.
Шианийн дээд хэмжээний уулзалтын үеэр холбогдох талууд өнгөрсөн 30 жилийн хугацаан дахь хамтын ажиллагааны ололт амжилтуудаа үнэлэн дүгнэж, хамтын ажиллагааны шинэ эрин үеийн эхлэлийг тавилаа.
БНХАУ-Төв Азийн анхны дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээж үг хэлэхдээ “Төв Азийн хөгжил цэцэглэлт нь бүс нутгийн орнуудын ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэлд нийцэж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүчтэй түлхэц өгнө” гэсэн юм.
Бүх нийтийн хамтын хөгжил цэцэглэлт чухал болохыг Ши Жиньпин онцлон тэмдэглээд, “Бүс ба зам” санаачилга болон “Дэлхийн хөгжлийн санаачилга” зэрэг санаачилгуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахыг талуудад уриалсан байна.
БНХАУ ба Төв Азийн хамтын ажиллагаа
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хэлсэнчлэн, БНХАУ болон Төв Азийн таван орны амжилттай хамтын ажиллагааны нууц нь харилцан хүндэтгэл, сайн хөршийн найрсаг харилцаа, эв санааны нэгдэл болон харилцан ашигтай хамтын ажиллагаа юм.
БНХАУ-Төвийн Азийн худалдааны хэмжээ 2022 онд түүхэн дээд хэмжээнд буюу 70.2 тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, одоогоос 31 жилийн тэртээд талууд дипломат харилцаа тогтоосноос хойш худалдааны хэмжээ нь 100 дахин өссөн байна.
Энэ оны эхний дөрвөн сард БНХАУ-аас Төв Азийн таван оронтой хийсэн худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.3 хувиар өсөн 173.05 тэрбум юань буюу 24.8 тэрбум ам.долларт хүрчээ.
Мөн дан ганц өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадаас эдгээр таван оронтой хийсэн худалдааны хэмжээ 50.27 тэрбум юаньд хүрч, анх удаагаа 50 тэрбум юань давсан нь талуудын худалдааны түүхэн дэх нэгэн шинэ амжилт болсон байна.
Дэлхий дахины нөхцөл байдал амаргүй, адармаатай байгаа энэ цаг үед БНХАУ болон Төв Азийн орнууд бүс нутгийн энх тайвныг сахин хамгаалах, улс орныхоо хөгжил дэвшлийг ахиулахын тулд бие биенээ илүү дэмжиж, харилцан итгэлцлээ улам бүр гүнзгийрүүлэх нь чухал болохыг Шиань хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр холбогдох улс орнуудын удирдагчид цохон тэмдэглэж байсан юм.
Шинэ эриний хамтын ажиллагаа
БНХАУ ба Төв Азийн эдийн засгийн харилцааг өргөжүүлэхээс эхлээд соёлын солилцоог бэхжүүлж, бүс нутгийн энх тайван байдлыг хамгаалах зэрэг асуудлыг хамарсан найман зүйл бүхий санаачилгыг Шиань хотод болсон талуудын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин танилцуулжээ.
- Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Хятад улс болон Төв Азийн цаашдын хамтын ажиллагааг сайтар төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлж, тогтвортой ахиулах боломж гэж харж буйгаа Ши Жиньпин дарга илэрхийлээд, дараах саналуудыг дэвшүүлсэн байна.
- Хамтын ажиллагааны механизмуудыг бэхжүүлэхийн тулд Хятад улс аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдлын менежмент, боловсрол болон улс төрийн намуудын асуудал зэрэг өргөн цар хүрээг хамарсан асуудлаар уулзалт, яриа хэлэлцээний механизм байгуулахыг санал болгов.
- Харилцаа холбоог нэмэгдүүлэхийн тулд Хятад улс хил дамнасан ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлж, Каспийн тэнгис дамнасан олон улсын тээврийн коридорын бүтээн байгуулалтыг дэмжиж, боомтуудыг шинэчлэх ажлыг түргэтгэж, Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний зангилаануудыг хөгжүүлж, Төв Азийн орнуудад бизнес эрхлэх, бараа бүтээгдэхүүний агуулахууд барихад бизнес эрхлэгчдийг дэмжинэ.
- Эрчим хүчний хамтын ажиллагааны хувьд Хятад-Төв Азийн эрчим хүчний хөгжлийн түншлэлийн харилцааг бий болгож, Хятад-Төв Азийн байгалийн хийн хоолойн D шугамын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, газрын тос, байгалийн хийн худалдааг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн гинжин хэлхээгээр эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ эрчим хүч, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Хятад улс санал болгож байна.
- Төв Азийн орнуудтай ногоон инновацийн хамтын ажиллагааг ахиулахад Хятад улс бэлэн байна гэж Ши Жиньпин мэдэгдээд, Төв Азид хөрс боловсруулалт, усны хэмнэлттэй усалгаа, өндөр технологийн бизнес, мэдээллийн технологийн парк байгуулах зэргийг санал болгожээ.
- Хөгжлийн чадавхыг бэхжүүлэхийн тулд Хятад улс шинжлэх ухаан, технологийн тусламжтайгаар ядуурлыг бууруулах чиглэлээр Төв Азийн орнуудтай хамтран ажиллах төлөвлөгөөнүүдийг боловсруулна гэж Ши Жиньпин хэлсэн байна. Эдгээр улс оронд ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг хөхиүлэн дэмжинэ. Хятад улс Төв Азийн орнуудад 26 тэрбум юань буюу 3.72 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлнэ.
- Соёлын солилцооны тухайд, Хятад улс Төв Азийн орнуудыг ‘Соёлын торгоны зам’ хөтөлбөрт оролцохыг урьж, уламжлалт анагаах ухааны төвүүдийг олноор байгуулж, соёлын аялал жуулчлалын тусгай галт тэрэг ажиллуулахыг дэмжинэ гэж Ши Жиньпин мэдэгджээ.
- Хятад улс бүс нутгийн энх тайвныг хамгаалахын тулд Төв Азийн орнуудад хууль сахиулах, аюулгүй байдал, батлан хамгаалах чадавхыг сайжруулахад туслахад бэлэн байна гэж Ши Жиньпин цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Афганистаны хөрш орнуудын дунд зохицуулалтын механизмыг сайн ашиглаж, Афганистаны энх тайван, сэргээн босголтыг хамтдаа ахиулахад хүчин чармайлт гаргах хэрэгтэйг тэрбээр онцолжээ.
- Хятад улс Төв Азийн орнуудтай орчин үеийн шинэчлэлийн үзэл баримтлал, практикийн солилцоог эрчимжүүлж, хөгжлийн стратегиудаа нэгтгэж, хамтын хүчин чармайлт гаргахад бэлэн буйг Ши Жиньпин мөн онцолсон байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь БНХАУ болон Төв Азийн Казахстан, Киргиз, Тажикстан, Туркменистан болон Узбекистан гэсэн таван орны төрийн тэргүүн нар хоёр жил тутамд дээд хэмжээний уулзалт хийж байх үндэс суурийг тавьж өглөө. Эдгээр орнуудын дараагийн дээд хэмжээний уулзалт 2025 онд Казахстанд болно.
Г.Солонго