Дэлхий

Украины талаас хил давсан зэвсэгт бүлгийн толгойлогч ОХУ-ын нутаг дэвсгэрт дахин довтлохоо мэдэгджээ

Нийтэлсэн

Даваа гарагт Украины талаас ОХУ-ын Белгород мужийн нутагт халдлага үйлдсэн зэвсэгт бүлгийг хөөн гаргаснаа Оросын батлан хамгаалах яам маргааш нь мэдээлсэн билээ.

Тэгвэл уг халдлагыг үйлдсэн хоёр бүлгийн нэг Оросын Сайн Дурын Корпусын командлагч гэж өөрийгөө нэрлэсэн Денис Капустин өчигдөр мэдэгдэл хийжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам 70 гаруй хил зөрчигчийг устгаснаа мэдэгдэж байв.

Тэгвэл Капустин өөрийнх нь талаас хоёр хүн алагдаж, 10 хүн шархадсан тухай мэдээлжээ.

Мөн Оросын зэвсэгт хүчнээс хуягт тэрэг, дрон эсэргүүцэх зэвсэг олзолж авснаа баталсан байна.

“Та нар (Оросын тал) бидэнтэй дахиад уулзах болно. Би удахгүй болох зүйлсийн талаар, аль чиглэлд довтлох талаараа одоо хэлэх боломжгүй. Хилийн шугам урт. Хаа нэгтээ дахиад халуун цэг бий болно” гэж Капустин мэдэгджээ.

Ингэхдээ тэр Украины армид Өрнөдийн орнуудаас нийлүүлсэн зэвсгийг ашиглаагүйгээ хэлсэн байна.

“Би зэвсгээ хаанаас гаралтайг сайн мэдэж байгаа. Харамсалтай нь Өрнөдийн орнуудаас лав биш” гэж Капустин хэлжээ.

Тэрбээр Бахмутын тулааны үеэр Оросуудын олзолсон Өрнөдийн зэр зэвсэг хар зах дээр худалдаалагдаж байгааг энэ үеэр сануулсан байна.

Украины эрх баригчид тэднийг зөвхөн мэдээлэл, түлш шатахуун, хүнс, эм хэрэгслээр дэмжиж байгаа гэнэ.

“Бидний цаашдын төлөвлөгөө бол ОХУ-ын нутаг дэвсгэрээс эзлэн авах. Энэ бол гарцаагүй зүйл. Жаахан тэвчээртэй байж, хэдхэн хоног хүлээх хэрэгтэй” гэж Капустин мэдэгджээ.

АНУ-д төвтэй “Anti-Defamation League” байгууллагын мэдээлснээр Капустин нь Германд олон жил амьдарсан Оросын нео-нацист юм байна.

Энэ талаар нь асуусан сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэр “Надад эх оронч, уламжлалыг дагагч, баруун жигүүрийн чиг баримтлалтай өөрийн үзэл бодол бий. Та нар намайг хас тэмдэгтэй туг далбаа барьж, Хитлерийн ёсолгоо хийж буйг хэзээ ч харахгүй байх. Тийм байхад яагаад намайг ингэж нэрлэх ёстой гэж?” гэж хэлжээ.

Даваа гарагт болсон халдлагыг Украины тал өөрт ямар ч хамаагүй, Оросын партизануудын ажиллагаа гэж тайлбарлаж байгаа. Халдлагыг үйлдсэн өөр нэг бүлэг нь Чөлөөт Оросын Легион нэртэй зэвсэгт бүлэг юм.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version