Эдийн засаг

Төрийн компаниуд дахь улс төрийн оролцоог эрүүлжүүлвэл СЭРГЭЛТ ИРНЭ

Нийтэлсэн

Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг эрүүлжүүлэх, үр ашигтай ажилладаг болгохын тулд засаглалыг нь сайжруулах шаардлагатай. Бүр тодруулбал, төрийн компаниуд дахь улс төрийн оролцоо эрүүл байх тухай асуудал юм л даа. Түүнчлэн  Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Төрийн өмчит компаниудын сэргэлт” чуулган боллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ төр хувийн хэвшил, бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй. Хувийн хэвшил, төрийн бус байгууллага гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг төр хийхгүй байх зарчмыг баримталж буйг,  төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах шаардлагатайг онцолсон.

Мөн тэдгээр компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог байх тогтолцоог нэвтрүүлнэ.

Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажлын үнэлгээ оновчгүй байна. Оноог хэрхэн тооцох аргачлал нь тодорхойгүй. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байсан ч өндрөөр үнэлэгдэж ирсэн.  Цаашид төрийн өмчит компаниудад олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг шинэчлэлийг нэгдсэн байдлаар хийнэ. Төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд үнэлгээний журмыг шинэчилнэ гэлээ.

Дашрамд сануулахад, манайхан төрийн өмчит компаниудынхаа хөрөнгийн өгөөжийг 2021 онд 1.3 хувьтай гарсан гэж дүгнэсэн бол Дэлхийн банкны судалгаагаар  0 хувийн хөрөнгийн өгөөжтэй гэсэн дүгнэлт  гарсан байдаг. Ер нь бол төрийн ч бай, хувийн ч бай аж ахуйн нэгж, компани л юм бол ҮР АШИГ-тай ажиллахыг нэн тэргүүнд зорих ёстой байтал манай төрийн өмчит компаниудын тухайд ийм ойлголтоос  ангид явж ирснийг хаа хаанаа харж мэдээд байгаа.

Өмнөх олон л Засгийн газрууд энэ байдлыг халах ёстой талаар, хууль эрх зүйн орчны өөрчлөлт хийх шаардлагатай талаар ярьсаар өдийг хүрсэн. Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй Засгийн газар ч байгуулагдсанаасаа эхлэн  цаг үе, нөхцөл шаардлагын дагуу төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд үр ашигтай ажиллах зарчмыг баримтлахад анхаарах талаар ярьсан. Өдгөө зарим алхмууд эхнээсээ хийгдэж байна.

Тухайлбал, эхний ээлжинд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяаны охин компаниудын долоог нь татан буулгахаар болсон.  ТУЗ-ийн 270 гишүүний тоог 27 хүртэл бууруулах чиглэл Ерөнхий сайд өгснийг Д.Амарбаясгалан мэдэгдэж байсан.

Дашрамд, төрийн өмчит компаниудын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээллийг хүргэхэд:

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2019 оны нийт орлого 9.7 их наяд төгрөг, үүнээс зардал нь 7.6 орчим их наяд төгрөг, нийт ашиг нь 1.5 их наяд төгрөг байсан бол 2021 оны нийт орлого 11.8 их наяд төгрөг, үүнээс нийт зардал нь 9.3 их наяд төгрөг, нийт ашиг нь 705 тэрбум төгрөг гарсан.

Нийт ашгийн ихэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын олсон цэвэр ашгаас бүрдүүлжээ. Бусад 160 гаруй төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн дийлэнх нь 5-10 хувийн ашигтай ажилласан боловч зардал нь өндөр, орлогынхоо 90-95 хувийг зардал нь бүрдүүлж байна гэсэн мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өгч байсан.

Хуулийн этгээдийн зардал өндөр байх тусам ашиг багасч, төсөвт төлөх татвар, ногдол ашгийн хэмжээ буурахаас гадна үйл ажиллагааны цар хүрээ, эзэмшиж буй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад ашигт ажиллагаа, өгөөжийн түвшин бага байна. 2021 оны байдлаар төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагаа 5.9 хувьтай байгаагаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” ХК-иас бусад нь 4 хувийн алдагдалтай ажиллажээ.

Хөрөнгийн өгөөжийн хувьд 2021 онд 1.3 хувьтай гарсан бол дээр хэлсэнчлэн  Дэлхийн банкны судалгаагаар төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөжийг 0 хувьтай үнэлсэн байгаа юм.
Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж, төрөл бүрийн төлбөр хэлбэрээр 2019 онд 2.0 их наяд төгрөг, 2020 онд 1.3 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь улсын нийт татварын орлогын 16.3 хувьтай тэнцэх бөгөөд үүний 8.8 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 5.4 хувийг “Эрдэнэс тавантолгой” ХХК тус тус бүрдүүлсэн байгаа юм.

Exit mobile version