Улс төр

Ч.Хүрэлбаатар: Ирэх онд 50 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байна

Нийтэлсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх ажлыг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтын 7.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Уг нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомт хариуцсан сайд Б.Тулгат нараас гадна УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нар оролцов.

Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар“Төмөр замын царигийн асуудал бол Монгол Улсын өрсөлдөх чадварын асуудал юм. Бид нарийн цариг гэж нэрлээд байгаа ч тэр нь олон улсын цариг. Олон улсын царигаас гаргаж байгаа нүүрсний өртөг хямдхан байна гэсэн үг. Нүүрсний үнэ унахад гаргаж байгаа өртөг нь хямдхан байна гэдэг л зах зээл дээр давуу эрх олгоно. Тэгэхээр анх удаагаа нарийн царигийг холбож байгаа нь Монгол Улсын эдийн засагт маш том чухал үүрэг, эхлэл гэж үзэж байна. Дээр нь нүүрсийг хамгийн хямдхан өртгөөр гаргах боломжийг бүрдүүлж өгч байгаа бүтээн байгуулалт юм. Өрсөлдөх чадвартай нүүрс гаргана гэдэг нь экспорт цаашид тогтвортой байх шинж тэмдэг. Экспорт сайн байна гэдэг нь валютын нөөц сайн байна. Валютын нөөц сайн байна гэдэг нь Монгол төгрөгийн худалдан авах чадвар сайн байна л гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн эхлүүлж байгаа төмөр замын бүтээн байгуулалт ирэх намар ашиглалтад орно. Ингэх аваас Монгол Улс ирэх жил 50 сая тонн хилээр гаргах бүх тооцоогоо хийчихсэн, төлөвлөж байна. Зөвхөн энэ төмөр замыг ашиглалтад оруулснаар 10 сая тонн нүүрс гаргах, нэмэгдэж байгаа юм. Засгийн газрын хувьд үүнд өндөр ач холбогдол өгч байна” гэлээ.

Exit mobile version