Эдийн засаг

Боомтын сэргэлтийн төслүүд ДНБ-ийг ₮6 их наядаар ӨСГӨНӨ

Нийтэлсэн

Эдийн засгийг тэлэх Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн цөм асуудлын нэг нь Боомтын сэргэлт. Тэгвэл боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ. Манай нүүрсний экспортын тэн хагасыг гаргадаг Шивээхүрэн бол  стратегийн ач холбогдолтой боомт юм.

Түүнчлэн Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд онцолсон.

Уг  бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зургаан сарын хугацаанд хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Тэгэхээр өнгөрсөн олон жилүүдэд хөгжил дагуулах төмөр замуудыг цаасан дээрээс буулгаж чадалгүй гацаж, тэр хэрээрээ боломжуудаа алдаж байсан Монгол  Улс угтах жилүүдэд үр өгөөж дагуулах төсөл хөтөлбөрүүдийг ийнхүү ажил хэрэг болгож эхэлж байна.

Судалгаанаас үзэхэд, Боомтын сэргэлтийн төслүүд хэрэгжсэнээр ядуурлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхээр байгаа.

Тодруулбал, Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбож ачаа тээврийн урсгал, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, ачаа тээврийн урсгалыг сайжруулна.  Мөн Монгол Улсыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан, эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, агаарын зайн ашиглалтыг сайжруулан, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар хэрэгжүүлж, ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалыг дэмжих зорилт тавиад буй.

Монгол Улсын Засгийн газраас баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд өнгөрсөн онд Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам барих төсөл орсон. Үүнээс гадна Богдхан төмөр зам төсөл, төмөр замын шинэчлэлийн ажил, Хөөт-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн баруун босоо төмөр зам, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүд бий. Энэхүү төмөр замууд ашиглалтад орсноор Монгол Улсын экспортын хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, трассын дагуу байх 230 орчим уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд оруулж, 13 мянган байнгын ажлын байр, 23 мянган түр ажлын байр бий болох тооцоолол гарсан байдаг.

Мөн автозамын салбарт 15 боомтыг хатуу хучилттай авто замаар холбоно. Хилийн боомтуудыг хатуу хучилттай  авто замаар холбосноор зорчигчийн болон тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин нэмэгдэж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, 25 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, нүүрс тээвэрлэлтийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлнэ.

Нисэхийн салбарын хувьд манай улсад өнөөдөр агаарын замын дөрвөн боомт бий. Үүн дээр гурван нисэх буудлыг байнгын ажиллагаатай агаарын замын боомт болгон нэмэгдүүлнэ. Цаашдаа ачаа, тээврийн болон зорчигчийн тэр дундаа аялал, жуулчлалын гол бүс нутаг руу чиглэсэн урсгалыг холбох боломж бүрдэнэ. Ингэснээр ОХУ, БНЧУ, БНХАУ зэрэг 20 орчим орны 150 гаруй хот руу нислэг гүйцэтгэх боломжтой болж, зорчигчийн болон ачаа тээврийн урсгал нэмэгдэх, төвлөрлийг сааруулахад дэмжлэг болно.

Хилийн боомтууд дахь ачих, буулгах байгууламж буюу терминалын хувьд зөвхөн Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтод ажиллахаас гадна Булган, Ханги, Бичигт боомтууд дээр хийгдэнэ. Энэхүү төслүүд хэрэгжсэнээр  ачаа нэвтрүүлэх хэмжээ багадаа 55.4 сая тонн буюу 2019 онтой харьцуулах 47 хувиар өсөх тооцоог салбар яамнаас танилцуулж байсан. Ерөнхийдөө Боомтын сэргэлтийн хүрээнд төлөвлөсөн олон төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын хэмжээнд ядуурлын түвшин 6.2 пунктээр буурч, Улаанбаатар хотын хүн ам 5.6 хувиар буурч, төвлөрөл саарч, дотоодын нийт бүтээгдэхүүн 52.2 их наядаас 58 их наяд төгрөг буюу 11.2 хувиар нэмэгдэнэ гэсэн  тооцоолол байгаа юм.

Exit mobile version