Дэлхий

Киев хотын ойн өдрийг угтуулан Украины дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын довтолгоог Оросын тал гүйцэтгэжээ

Нийтэлсэн

Ням гарагийн шөнө Украины дайн эхэлсэн цагаас хойших 15 сарын хугацааны хамгийн том агаарын довтолгоогоо Оросын тал гүйцэтгэжээ.

Энэхүү цохилт нь Киев хот үүсгэн байгуулагдсаны ойн өдөртэй давхацсан юм.

Ням гарагт Киевийн иргэд хотынхоо үүсгэн байгуулагдсаны 1,541 жилийн ойг тэмдэглэхээр бэлдээд байжээ. Нийтдээ 54 ширхэг Иранд үйлдвэрлэгдсэн камиказе дроноор Украины хотуудад довтолсны 40 нь нийслэл Киев хотыг чиглэсэн байна.

“Дайн эхэлснээс хойш дайсан хамгийн олон дроноор нэг дор довтоллоо” гэж Украины агаарын зэвсэгт хүчнээс мэдээлжээ. Бүх 54 дроны 52-ыг нь устгаж чадсанаа энэ үеэр дурдсан байна.

Ням гарагийн шөнө дундаас хойш Киев хотод таван цагийн турш агаарын түгшүүр ажилласан юм.

Удахгүй эхлэх Украины сөрөг давшилтыг угтуулан Оросын тал агаарын цохилтоо эрчимжүүлж байгаа. Өчигдрийн довтолгоо нь энэ сар гарснаас хойших 14 дэх ажиллагаа болжээ.

Довтолгооны улмаас Киев хотод нэг хүн амиа алдсаныг хотын захирагч Виталий Кличко мэдээлсэн байна.

“35 настай эмэгтэй эмнэлэгт хүргэгдэж, 41 настай эрэгтэй алагдлаа” гэж тэр Телеграм хуудсандаа бичжээ.

Оросын агаарын довтолгооны ихэнх хэсгийг зогсоож чадсан агаарын зэвсэгт хүчиндээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский баяр хүргэсэн байна.

“Та бүхэн дайсны пуужин, нисэх онгоц, дроныг устгах гэж үргэлж дээшээ харж байдаг. Дайсны зэвсгийг устгах бүрд хүмүүсийн амь нас аврагдаж байдаг билээ. Та нар бол баатрууд юм” гэж тэр талархлаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: AFP

Exit mobile version