CRI Монгол радио
Дэлхийд өрсөлдөх “C919” буюу БНХАУ-ын дотооддоо үйлдвэрлэсэн анхны том оврын нисэх онгоц
2023 оны 5 дугаар сарын 28 нь БНХАУ-ын хувьд бас нэгэн түүхэн өдөр байлаа. Учир нь БНХАУ-ын дотооддоо үйлдвэрлэсэн анхны том оврын нисэх онгоц болох “C919” эл өдөр анхны арилжааны нислэгээ амжилттай үйлдсэнээр иргэний нисэхийн зах зээлд албан ёсоор орж ирсэн юм. Энэ талаарх мэдээ өдгөө дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “халуун сэдэв” болоод байна.
Хятад улсын иргэний агаарын тээврийн “China Eastern Airlines” компанийн “MU9191” дугаартай нислэг Шанхай хотын Хунцяо олон улсын нисэх онгоцны буудлаас ням гарагийн өглөөний 10:32 цагт 130 орчим зорчигчтойгоор хөөрч, Бээжин хотод үдийн 12:31 цагт газардсан байна.
“C919” бол олон улсын нислэг үйлдэхэд шаардагдах шалгуур үзүүлэлтүүдийн дагуу Хятад улс дотооддоо үйлдвэрлэсэн анхны том оврын нисэх онгоц бөгөөд энэ онгоцны зохиогчийн эрхийг тус улс дангаараа эзэмшиж байна.
“C919” онгоцыг Европын “Airbus” болон АНУ-ын “Boeing” тэргүүтэй дэлхийн нисэх онгоц үйлдвэрлэгч томоохон компаниудын ижил төрлийн онгоцуудтай шууд өрсөлдөхүйц бүтээл болсон гэж салбарын мэргэжилтнүүд, шинжээчид болон дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хэлсэнчлэн, “C919” бол Хятад улсын “инновацийн гайхамшигт ололт амжилтуудын нэг” юм.
“C919”-ийн нэрний учир ба хүчин чадал
Хятад улс аливаа бүтээлүүддээ ихээхэн утга учир шингэсэн нэр өгдөг уламжлалтай.
“C919”-ийн “C” үсэг нь Хятад улсын англи нэр буюу China гэсэн үгний эхний үсгийг төлөөлж байна. Харин хятадаар 9-ийн тооны дуудлага нь “Jiu” буюу “өнө мөнхийн” гэсэн утгатай үгтэй адил дуудагддаг учир эхний 9-ийн тоог сонгожээ. Тэгвэл 19-ийн тоогоор энэ нисэх онгоцны суудлын тооны хамгийн дээд хэмжээ болох 190-ийг төлөөлүүлжээ.
“C919” онгоцны өндөр нь 11.95 метр, урт нь 38.9 метр бол далавчны хэмжээ нь 35.8 метр аж. Суудлын тоо нь 158-192 бөгөөд нэг удаад 5555 хүртэлх км зам туулж, 12131 метр өндөрт хөөрөх чадвартай.
“C919” ба түүний ирээдүй
“C919” нисэх онгоцны төсөл 2007 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ онгоцны загвар дизайныг гаргах, үйлдвэрлэх, туршилтын нислэгүүд үйлдэхээс эхлээд арилжааны нислэг үйлдэх хүртэл маш урт замыг туулсан. Энэ онгоцыг бүтээхэд нийтдээ 300 мянга орчим хүн гар бие оролцсон байна.
Анхны “C919 “нисэх онгоц 2015 оны 11 дүгээр сард Шанхай хотноо үйлдвэрээс гарч, 2017 онд анхны туршилтын нислэгээ амжилттай үйлдэж байсан түүхтэй. Үүнээс хойш аюулгүй бөгөөд найдвартай байдал, гүйцэтгэлийг нь нухацтай шалгах үүднээс энэ онгоцоор янз бүрийн байршил, орчинд маш олон удаа туршилтын нислэг үйлдсээр ирсэн юм.
Өнгөрсөн оны есдүгээр сард “C919”-т Хятадын Иргэний нисэхийн газар гэрчилгээ олгосон нь арилжааны нислэг үйлдэж эхлэх замыг зассан. Мөн оны 12 дугаар сард “China Eastern Airlines” компани дэлхий даяар борлуулагдаж эхэлсэн анхны “C919” нисэх онгоцыг худалдаж авсан бөгөөд одоогоор дэлхийн олон улс орнуудаас нийтдээ 1200 гаруй онгоцны захиалга аваад байна гэж тус онгоцыг үйлдвэрлэсэн Хятадын Худалдааны нисэх онгоцны корпораци буюу “COMAC” компани мэдэгдээд байна.
Хятад улс нь иргэний агаарын тээврийн асар том зах зээлтэй, асар их нөөц бололцоотой орон. “COMAC” компанийн мэдэгдсэнээр, 2022-2041 онд Хятадын иргэний агаарын тээврийн зах зээлд 9300 орчим шинэ нисэх онгоц нэвтрэх төлөвтэй байна. Мөн 2041 он гэхэд Хятад улс нь дангаараа дэлхийн иргэний агаарын тээврийн хамгийн том зах зээл бүхий орон болохоор байна.
Хятад улс дэлхийн иргэний агаарын тээврийн хамгийн том зах зээл болоход “C919”-ийн гүйцэтгэх үүрэг их байх бөгөөд дэлхийн иргэний агаарын тээврийн үйлчилгээнд “C919” удахгүй чамгүй байр суурь эзэлдэг болно гэхэд эргэлзэх юм алга.
Г.Солонго