Дэлхий

Япон улсын ерөнхий сайд ууган хүүгээ төрийн албанаас чөлөөлөхөөр болов

Нийтэлсэн

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида ууган хүү Шотарог өнгөрсөн оны аравдугаар сард өөрийн нарийн бичгийн даргаар томилж байв.

Өнгөрсөн хугацаанд Шотаро нь байнга олон нийтийн хэл амны бай болж, ерөнхий сайдын нэр хүндийг сэвтээж байжээ.

Тэгвэл Кишида энэ сараар дуусгавар болгон хүүгээ албан тушаалаас нь чөлөөлөх болсныг өчигдөр мэдэгдсэн байна.

Парламентын хаврын чуулган зургаадугаар сарын 21-нд завсарлахаас өмнө засгийн газрынхаа өргөн барьсан гол хуулиудыг батлуулах зорилгоор түүнийг ийм арга хэмжээ авсан гэж ажиглагчид дүгнэжээ.

Кишида өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хүүгээ халах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Хирошима хотод зохион байгуулагдсан Их Долоогийн дээд хэмжээний уулзалтын үеэр гаргаснаа хэлсэн байна.

“Мэдээж томилгооны эцсийн хариуцлагыг би хүлээнэ. Тиймээс би үүнийг нухацтай авч үзэж байгаа. Хойшлуулж боломгүй ажлуудыг тууштай урагшлуулах замаар хүлээсэн үүргээ биелүүлэхийг би хүсэж байна” гэж Кишида энэ үеэр хэлжээ.

Шотаро Кишида албан тушаалд томилогдсон цагаасаа хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга шүүмжлүүлж, аавынхаа чихийг халууцуулж байгаа.

Энэ сарын эхээр түүний төрөл төрөгсөдтэйгөө хамт авхуулсан гэрэл зураг хэвлэлээр тарахад биеэ хүндэтгэлгүй, зүй бус авч явааг нь хүмүүс шүүмжилж байв.

Нэгдүгээр сард Их Долоогийн чуулганы өмнөх бэлтгэл гадаад айлчлалд ерөнхий сайдыг дагалдаж явахдаа хувийн ашиг сонирхлоо хамгаалсан үйлдэл гаргасан нь бас Японы олон нийтийн дунд дуулиан дэгдээж байжээ. Тухайлбал тэр хувийн зугаалгадаа албаны автомашин ашигласан, айлчлалын үеэр Лондон, Парис, Оттавагийн дэлгүүрүүдээр хэссэн асуудалд холбогдож байв.

Японы сөрөг хүчнийхэн ерөнхий сайдынхаа шийдвэрийг зохих ёсны арга хэмжээ гэж дүгнэж байна.

“Энэ томилгоо нь анхнаасаа хувийн болон нийтийн ашиг сонирхлыг хольж хутгасан буруу алхам байсан. Огцрох нь зүй ёсны хэрэг” гэж сөрөг хүчний гол нам Үндсэн Хуулийн Ардчилсан Намын дарга Кэнта Изүми хэлжээ.

Шотаро нь Японы томоохон худалдааны компани Mitsui & Co-д ажиллаж байгаад 2020 оны гуравдугаар сараас эхлэн аавынхаа хувийн нарийн бичгээр ажиллах болсон юм.

Ерөнхий сайдын нарийн бичгийн даргаар томилогдоход нь сөрөг хүчнийхэн шүүмжилж байсан ч Кишида хүүгийнхээ хувийн зан чанарыг энэ ажилд тохирох талаар тайлбарлаж, гаргасан шийдвэрээ хамгаалж байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News

Exit mobile version