Дэлхий

АНУ-ын сенаторыг баривчлах тушаалыг ОХУ-ын дотоод хэргийн яам гаргав

Нийтэлсэн

Хэлсэн үгтэй нь холбогдуулан АНУ-ын сенатор Линдси Грэмийг баривчлах тушаалыг ОХУ-ын дотоод хэргийн яам Даваа гарагт гаргажээ.

Өмнөд Каролина мужаас сонгогдсон Бүгд Найрамдах намын сенатор Грэм өнгөрсөн Баасан гарагт Киев хотод зочилж, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахдаа АНУ-ын тус улсад үзүүлж буй зэр зэвсгийн тусламжийг “бидний хамгийн их үр ашигтай зарцуулсан мөнгө” гэж тодорхойлж байв.

Тэр бас уг тусламжийн үр дүнд “оросууд үхэж байгаа” тухай ярианыхаа нэг хэсэгт дурдсан байна.

Грэмийн ярианы дүрс бичлэгийг Украины ерөнхийлөгчийн ордноос тараахдаа товчлон эвлүүлж, дээрх хоёр хэсэг үгийг дараалуулсан нь “оросуудыг үхэхэд зарцуулсан мөнгө нь хамгийн үр ашигтай” гэх утгатай болсон юм.

Тиймээс сенаторын хэлсэн үг тэр дороо Москвагийн эрх баригчдыг хилэгнүүлсэн байна.

Тухайлбал Ням гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ “ямар ч улс орны хувьд ийм сенатортай байхаас илүү ичгүүртэй зүйл байхгүй” гэж мэдэгджээ.

Даваа гарагт Оросын холбооны мөрдөн байцаах товчоо Грэмд хэрэг үүсгэн шалгах болсноо зарласан бол дараа нь дотоод хэргийн яам сенаторыг албан ёсоор хэрэгт татаж, баривчлах тушаал гаргасан юм.

Грэм өчигдөр энэ талаар “Украиныг тууштай дэмжих амлалт маань Путиний дэглэмийг уурлуулсныг мэдэх надад үнэхээр сайхан байна. Оросын цэргийг Украины газар нутгаас бүрэн гарах хүртэл би Украины эрх чөлөөний төлөө тууштай зогсох болно. Путиний авлигажсан, ёс зүйгүй дэглэмийн баривчлах тушаалыг би нэр хүндийн баталгаа гэж хүлээн авч байна” гэж твиттер хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version