Энтертайнмент
Кирибаяма Б.Лхагвасүрэн албан ёсоор ОЗЭКИ боллоо
Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл, банцүкэ шийдэх хорооны хуралдаан өнөөдөр өглөө болж, Зуны тэмцээнд 11 давсан сэкивакэ Кирибаямад озэки цол албан ёсоор олголоо.
Холбооноос Исэноүми, Эдагава ояката нарыг элч болгон “Мичинокү” дэвжээнд илгээжээ.
Үе үеийн шинэ арслангууд цолоо хүлээн авахдаа хэлдэг үг олны анхаарлыг ихэд татдаг. Харин манай Кирибаямагийн хувьд Мичинокү ояката буюу Киришимагийн 1990 онд озэки болж байхдаа хэлж байсан товч бөгөөд тодорхой үгийг сонгожээ.
Манай бөх “Озэки цолны нэр хүндийг гутаахгүй, урьд өмнөхөөс илүү бэлтгэл хийж, хичээн зүтгэх болно” гэж хэлэн, арслан цолоо албан ёсоор хүлээн авлаа. Тэрээр Монголоос төрсөн 6 дахь озэки бөгөөд өмнөх 5 озэки бүгд ёкозүна болж байжээ.
Кирибаяма Б.Лхагвасүрэн 1996 оны дөрөвдүгээр сарын 24-нд Дорнод аймагт төрсөн. 186 см өндөр, 143 кг жинтэй. Дээд зиндаанд 1 түрүүлсэн.