Энтертайнмент
Кирибаяма багшийнхаа нэрийг авч, Киришима боллоо
Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл, банцүкэ шийдэх хорооны хуралдаан өнөөдөр өглөө болж, Зуны тэмцээнд 11 давсан сэкивакэ Кирибаямад озэки цол албан ёсоор олголоо. Манай бөх “Озэки цолны нэр хүндийг гутаахгүй, урьд өмнөхөөс илүү бэлтгэл хийж, хичээн зүтгэх болно” гэж хэлэн, арслан цолоо албан ёсоор хүлээн авав.
Цаашдаа харин сүмо бөхийн нэрээ сольж, багшийнхаа Киришима нэрээр барилдах болжээ.
Мичинокү ояката бол Киришима нэрээр барилдан, озэки цол хүртэж байсан хүн. Кагошима мужийн уугуул. 187 см өндөр, 132 кг жинтэй байсан. Дээд зиндаанд нэг удаа түрүүлж, уран барилдааны шагнал 4, гарамгай барилдааны шагнал 3, дайчин барилдааны шагнал 1 удаа хүртэж байсан бөх. Жижиг биетэй ч уран сайхан барилдаанаараа бөх сонирхогчдын хайрыг татсан, уран барилдаантай бөх байлаа.