Дэлхий

Путин: Киевийн дэглэм Оросын иргэдийг айлгах санаатай байна

Нийтэлсэн

Мягмар гарагт ОХУ-ын нийслэл Москва хот нисгэгчгүй онгоцны довтолгоонд өртсөн билээ.

Нийт найман дроноор довтолсныг бүгдийг нь устгаж чадсанаа Оросын батлан хамгаалах яам мэдээлсэн юм.

Дронууд Москвагийн орон сууцны барилгуудыг хөнгөн гэмтээсэн байна. Хоёр хүн хөнгөн шархдаж, эмнэлгийн тусламж авсан тухай тус хотын захирагч Сергей Собянин мэдээлсэн юм.

Зарим орон сууцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Энэхүү халдлага нь Москвагийн иргэд Украины дайныг анх удаа мэдэрсэн хэрэг байв.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дроны халдлагын талаар сэтгүүлчийн асуултад хариулсан нь төв телевизийн сувгаар цацагджээ.

Тэрбээр Москвагийн агаарын довтолгооноос хамгаалах систем хангалттай сайн ажилласныг энэ үеэр хэлсэн байна.

“Украины армийн удирдлагын төвийг амжилттай устгасан тухай бид өмнө нь ярьж байсан. Үүний хариуд Киевийн дэглэм Оросын ард иргэдийг айлгах аргыг сонгож, орон сууцны барилгуудад халдлаа” гэж Путин ярьжээ.

Устгагдсан дроны зарим хэсэг Путиний Ново-Огарево дахь орон сууцнаас 15 км зайтай газарт унасан юм.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк уг халдлагад Киевийн засгийн газар ямар ч хамаагүйг мэдэгджээ.

Өчигдөр өдөр Украины нийслэл Киев хот 24 цагийн дотор гурав дахь удаагаа агаарын довтолгоонд өртсөн байна.

Энэ үеэр Оросын талаас 31 дроноор довтолсны 29-ийг нь устгаж чадсан тухай Украины зэвсэгт хүчин мэдээлжээ.

Эх сурвалж: AFP

Exit mobile version