Дэлхий
Пригожин “Гэрээ шатаалгаад сууж бай” гэж Оросын батлан хамгаалах яамны удирдлагуудад хэлэв
Өчигдөр Москва хот агаарын довтолгоонд өртсөн явдлыг Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин хүндээр хүлээж авсан байна.
Украины дайнд гол үүрэгтэй оролцож буй тэрбээр сүүлийн саруудад ОХУ-ын батлан хамгаалах яамны удирдлагуудыг олон нийтийн өмнө ширүүн шүүмжилж байгаа. Энэ удаад ч Пригожин ард иргэдээ хамгаалж чадаагүй батлан хамгаалах яамыг ширүүн шүүмжилжээ.
“Эдгээр дронуудыг Москвад хүрэх хүртэл та нар юу хийж суусан юм бэ? Ингээд гэрээ шатаалгаад сууж байх юм уу. Тэсрэх бөмбөгтэй дрон цонхыг нь мөргөх үед жирийн иргэд яах ёстой вэ? Шархандаа үнэтэй тос түрхээд чимээгүй сууж байгаа хог шааруудыг хараад иргэнийхээ хувьд би маш их бухимдаж байна. Эдгээр новшнуудаас ард түмэн ингэж асуух эрхтэй” гэж Пригожин ярьсан байна.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Би өмнө нь энэ талаар олон удаа анхааруулсан ч хэн ч сонсоогүй. Тансаг амьдралтай хүнд сурталтнууд намайг бухимдуулж байна” гэжээ.
Мягмар гарагийн халдлагад Кремлийн эрх баригчид төдийлөн өндөр ач холбогдол өгөхгүй байгаа.
Тухайлбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков агаарын довтолгооноос хамгаалах систем нь сайн ажилласныг магтаад үүнийг Украины талын ажиллагаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
“Мэдээж энэ бол Киевийн дэглэмийн зохион байгуулсан халдлага. Үүнд огт эргэлзэхгүй байна” гэж тэр хэлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бас Москва орчмын агаарын довтолгооноос хамгаалах систем “хангалттай сайн” ажилласныг төв телевизээр ярьсан юм.
Нийт найман ширхэг нисгэгчгүй онгоц Москвагийн орон сууцны хороолол руу довтолсноос гурвыг нь удирдлагагүй болгож, тавыг нь пуужингаар харваж устгаснаа ОХУ-ын батлан хамгаалах яам мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: Reuters