Дэлхий

Англид анх удаа баталгаат суурь орлогын системийг турших гэж байн

Нийтэлсэн

Их Британийн бүрэлдэхүүнд багтдаг Англид анх удаа баталгаат суурь орлогын (universal basic income) системийг туршихаар болжээ.

Энэ нь сар бүр хүмүүст ямар ч нөхцөлгүйгээр бэлэн мөнгө тараах тухай ойлголт юм. Английн хоёр хэсэг газарт амьдардаг нийт 30 хүнд сар бүр 1,600 фунт стерлингийг хоёр жилийн хугацаанд олгох юм байна.

“Энэ бол их мөнгө. Ажил хийдэг, хийдэггүйгээс нь үл хамааран хүмүүст ямар нэг болзол нөхцөлгүйгээр суурь хэрэгцээгээ хангах бэлэн мөнгө олгосноор тэдгээрийн сэтгэц, бие махбодын эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэхийг судлах юм” гэж дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх Autonomy судалгааны байгууллагын захирал Уилл Стронж тайлбарлажээ.

“Уур амьсгалын өөрчлөлт, технологийн тасалдал, үйлдвэрлэлийн шилжилтийн улмаас ойрын жилүүдэд манай нийгэм суурь орлогын баталгаат эх үүсвэрийг шаарддаг болно. Тиймээс одооноос үндэсний хэмжээнд нэвтрүүлэхэд шаардлагатай баримт нотолгоог олон нийтийн оролцоотой бүрдүүлэх нь чухал юм” гэж тэр нэмж хэлсэн байна.

“Universal Basic Income” систем нь хүн бүрийн эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах ач холбогдолтой гэж үздэг.

Амьдралын баталгаат доод орлоготой болсноор хүмүүс зөвхөн мөнгөний төлөө ажиллах биш, илүү дур сонирхолтой ажилдаа анхаарч, бүтээмж нэмэгдэнэ гэж бас үздэг юм.

Харин эсэргүүцэгчид нь үүнийг хэт их зардалтай, зарим хүмүүсийг ажил хийлгүй амьдрах буруу замд хөтлөх эрсдэлтэй тул нийтээр нь биш, зорилтот бүлгийг хамруулах ёстой гэж үздэг байна.

Дэлхийн өөр улс орнуудад ийм системийг туршиж эхэлсэн байгаа.

Тухайлбал Их Британийн бас нэг хэсэг болох Уэльс үүнийг бас туршиж эхэлсэн юм.

2020 онд Их Британийн парламентын 170 гишүүн цар тахлын хүнд үед “Universal Basic Income” системийг нэвтрүүлэхийг засгийн газартаа уриалж байв.

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version