Энтертайнмент
Архангайн бөхчүүд алтан цомын эзэн болов
Монголын Үндэсний Бөхийн Холбооны алтан цомын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн барилдаанд нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай-Булган аймгийн багууд өчигдөр өрсөлдөв.
Хоёр багийн бөхийн барилдаанд Архангай аймгийн баг 16:9-өөр ялалт байгуулж, алтан цомын эзэн боллоо.
Архангай аймгийн багт:
- Улсын гарди М.Бадарч /3/
Улсын харцага Б.Зоригтбаатар /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/
Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/
Аймгийн хурц арслан С.Сүхбат /1/
Аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/ нийт 16 даваа авчээ.
Булган аймгийн багт:
- Улсын начин Д.Амарсайхан /1/
Улсын начин Х.Цогтгэрэл /2/
Улсын начин Б.Түмэндэмбэрэл /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Д.Амаржаргал /2/
Улсын начин Э.Сумъяабат /2/
Улсын начин Б.Түвшинтөгс /2/ нийт 9 даваатай.
Цуврал барилдаанд тэргүүлсэн Архангай аймгийн баг алтан цом, 200,000,000 төгрөг, дэд байрт шалгарсан Булган аймгийн баг 50,000,000 төгрөг гардан авлаа.
Хэсгийн барилдаанд хамгийн олон буюу 10 барилдаанаас 10 давсан улсын харцага Ц.Бямба-Отгон, шигшээ барилдаанд хамгийн олон буюу 45 барилдаанаас 39 давсан улсын начин Д.Хүдэрбулга нарт МҮБХ-ны Батламж, мөнгөн шагнал гардуулсан бол Бэлгэдлийн баг буюу үзэгчдээс хамгийн олон санал авсан зургаан бөхөд батламжлав.
Бэлгэдлийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /1,930 санал/, улсын гарди М.Бадарч /1,393 санал/, улсын заан М.Лхагвагэрэл /1,085 санал/, улсын начин Э.Батмагнай /1,081 санал/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /1,028 санал/, сэлгээнээс орсон бөхчүүдээс улсын арслан Р.Пүрэвдагва /1,692 санал/ тус тус авч Бэлгэдлийн багийн гишүүнээр тодорлоо.
Энэ оны хоёрдугаар сараас эхлэн 21 аймаг, 9 дүүргийн тамирчид алтан цомын төлөө тойргоор барилдаж эхэлсэн юм хэмээн МҮБХ-ноос мэдээлэв.