Нийгэм
13 000 иргэнийг хохироосон “Бэлтэс мөрөн”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлага болох 8 хүнийг 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татан шалгасан. Тэгвэл дээрх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.06.07/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр 11.00 цагт Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын спорт танхимд эхэлсэн.
Урьдчилсан хэлэлцүүлэгт 2 прокурор, 9 яллагдагч, 13 өмгөөлөгч, иргэний хариуцагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зэрэг нийт 400 гаруй хүн оролцож байна.
Урьдчилсан хэлэлцүүлгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж нээлттэй үргэлжилж байна.