Энтертайнмент
“Гладиатор 2” киноны зураг авалтын үеэр осол гарснаас хэд хэдэн хүн шархаджээ
Холливүүдийн алдарт Гладиатор киноны үргэлжлэлийг бүтээж буй уран бүтээлчид зураг авалтын үеэр осолдсон тухай мэдээ саяхан цацагдсан юм.
Өнгөрсөн долоо хоногт Их Британийн “The Sun” сэтгүүлд нийтлэгдсэн мэдээнд Морокко улсын нутагт тулаант үзэгдлийн зураг авах үеэр дэлбэрэлт болж, зургаан хүн шархадсан тухай өгүүлсэн юм.
Тэгвэл киног бүтээж буй Парамаунт Пикчерс студиэс өчигдөр гаргасан мэдэгдэлд дээрх мэдээ үнэн болохыг баталжээ.
“Зураг авалтын талбайд аюулгүй байдал, эмнэлгийн үйлчилгээний баг хурдан шуурхай ажилласны үр дүнд өртсөн хүмүүст шаардлагатай тусламж үзүүлж чадсан. Бид урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсны дараа киноны зураг авалтыг үргэлжлүүлэх болно” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Variety сэтгүүлийн олж мэдээлснээр зургийн ажилд оролцож байсан зургаан хүн дэлбэрэлтийн улмаас түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний дотор жүжигчид байгаагүй гэнэ.
Түүхэн сэдэвтэй “Гладиатор” уран сайхны киног 2000 онд Ридли Скоттын найруулгаар үзэгчдэд анх хүргэж байв.
Тэрбээр хоёр дахь киногоо 2024 оны арваннэгдүгээр сард зах зээлд гаргахаар ажиллаж байгаа юм.
Одоохондоо нэр өгөөгүй байгаа хоёр дахь кинонд Пол Мескал, Дензел Вашингтон, Конни Ниэлсон зэрэг жүжигчид тоглож байгаа гэсэн мэдээлэл бий.
Анхны “Гладиатор” нийт таван Оскарын шагнал хүртэж байжээ. Уг кинонд Ромын цэргийн генерал байгаад боол болсон Максимус Десимус Меридиусын дүрээрээ Рассел Кроу шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байв.
“Гладиатор” нь кино театруудаас нийт $457 саяын орлого олж, олон жил “моодноос гараад” байсан түүхэн сэдэвт бүтээлийн сонирхлыг сэргээсэн гэдэг.
Эх сурвалж: BBC