Дэлхий

Оросын эрх баригчид Вагнер группийн удирдлагыг шилжүүлж авах гэж байна

Нийтэлсэн

Оросын эрх баригчид хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн удирдлагыг гартаа авах алхам хийж эхэлжээ.

Украины дайнд голлох үүрэгтэй оролцож байсан тус байгууллагын тэргүүн Евгений Пригожин албан ёсны армийн удирдлагуудтай таарамжгүй байгаагаа олон сарын турш янз бүрээр илэрхийлж байв.

Бямба гарагт ОХУ-ын батлан хамгаалах яамны дэд сайд Николай Панков “сайн дурын хэлбэрээр” фронтод үүрэг гүйцэтгэж буй бүх хүмүүст яамтай шууд гэрээ байгуулах шаардлага тавьж эхлэх тухай ярьсан юм.

Энэхүү бүрхэг мэдэгдэл нь үнэндээ Вагнер группийг чиглэсэн гэж олон хүн үзэж байна.

Ням гарагт гаргасан ууртай мэдэгдэлдээ Пригожин батлан хамгаалах яамны шийдвэрийг эсэргүүцэхээ мэдэгджээ.

“Шойгу сайдтай Вагнер ямар ч гэрээ байгуулахгүй. Шойгу ямар ч хэлбэрийн цэргийн хүчийг зөв удирдаж чадах хүн биш” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Вагнерын хүч одоо Оросын үндсэн армитай маш сайн үр дүнтэй хамтран ажиллаж байгаа ба харин батлан хамгаалахын сайдын шууд удирдлагад шилжвэл уг харилцаа алдагдахыг Пригожин анхааруулжээ.

Харин ОХУ-ын батлан хамгаалах яам шийдвэрээ Украинд байлдаж буй Оросын бүх зэвсэгт хүчний үйл ажиллагааны оновчтой, нэгдмэл байдлыг сайжруулах ач холбогдолтой гэж тайлбарласан байна.

Хөлсний болон сайн дурын цэргүүдэд долдугаар сарын 1-ний дотор батлан хамгаалах яамтай гэрээ байгуулах хугацаа өгчээ.

Сүүлийн өдрүүдэд Вагнер болон Оросын албан ёсны армийн хоорондын харилцаа улам хурцдаж байгаа.

Саяхан Вагнерынхан өөрийнх нь фронтоос буцах замд бөмбөг тавьж, гал нээсэн хэмээн Оросын армийн командлагчийг баривчилсан юм.

Дэд хурандаа Роман Веневитин сүүлд суллагдсан ч түүний Вагнер группийг олон зүйлд буруутган ярьж буйг харуулсан дүрс бичлэг сошиал ертөнцөд тараад байгаа.

Тухайлбал тэр армиас зэвсэг хулгайлсан, алба хаагчдыг хүчээр өөртөө элсүүлсэн зэрэг Вагнерын “анархист” үйлдлүүдийн талаар ярьжээ.

Энэ бүхнийг сүүлд Пригожин эрс няцааж байв.

Пригожиний хувийн зэвсэгт хүчин Донецк мужийн Бахмут хотыг өнгөрсөн сарын сүүлээр эзэлснийхээ дараа байрлалуудаа Оросын армид шилжүүлж өгөөд фронтын шугамыг орхин явсан юм.

Сүүлд хийсэн мэдэгдэлдээ тэр Белгород мужид нэвтэрсэн зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг тулалдахад бэлэн байгаагаа мэдэгдэж байв.

Вагнер группийн 50,000 орчим хөлсний цэрэг Украины фронтод байлдаж байгаа гэсэн тооцоог АНУ-ын албаныхан өнгөрсөн оны сүүлээр гаргаж байжээ.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version