Дэлхий

Украины арми сөрөг давшилтаараа Донецк мужийн гурван тосгоныг чөлөөлснөө зарлав

Нийтэлсэн

Украины армийн сөрөг давшилтын эхний ялалтын талаар эх сурвалжууд Ням гарагт мэдээлжээ.

Тухайлбал тус улсын зүүн өмнөд бүс нутгийн гурван тосгоныг чөлөөлсөн цэргүүд ялалтаа тэмдэглэж буйг харуулсан дүрс бичлэг сошиал сувгуудаар цацагдсан байна. Эдгээр нь Донецк мужийн Благодатне, Нескучне, Макаровка тосгод юм.

Удаан яригдсан сөрөг давшилт эхэлснийг эх сурвалжууд Пүрэв гарагаас эхлэн мэдээлсэн бол Бямба гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг анх удаа баталж байв.

Оросын албаны эх сурвалжууд ямар нэг ухралтын талаар огт мэдээлэхгүй, харин арми нь Украины сөрөг давшилтыг амжилттай няцаан тулалдаж байгаа тухай мэдээлсээр байна.

Өчигдөр бас Оросын тал Запорожье мужийн нутагт хоёр дахь усны даланг дэлбэлсэн тухай Украины албаныхан мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Херсон мужийн Нова Каховкагийн усны далан дэлбэрснээс их хэмжээний газар нутаг үерт автаад байгаа.

Запорожье мужийн Новодаровка тосгоны ойролцоох даланг Оросын тал дэлбэлсний улмаас Мокри Яли голын хоёр эрэг усанд автсан тухай Киевийн эрх баригчид мэдээлсэн юм.

Оросын тал Украины сөрөг давшилтыг зогсоохын тулд усны далангуудыг дэлбэлэх тактик хэрэглэж эхэлсэн гэж тэд тайлбарлаж байна.

Украины армийн чөлөөлсөн тосгод харьцангуй жижиг хэмжээтэй ч тактикийн чухал ач холбогдолтой байрлалууд юм.

Тухайлбал дайны өмнө 1,000 орчим оршин суугчтай байсан Благодатне тосгон Мариуполь хот хүрэх замд байрладаг.

Украины арми сөрөг давшилтаараа Азовын тэнгисийн эрэг дэх Мариуполь хот хүрч, Оросын эзлэгдсэн газар нутгийг хоёр хуваахаар төлөвлөсөн гэж шинжээчид таамаглаж байгаа.

Энэ тохиолдолд Крымийн хойг Оросын эх газраас таслагдах юм.

Үүнээс гадна Украины арми Бахмут хотын дэргэд амжилттай тулалдаж байгаа гэсэн мэдээлэл ирж байна.

Гэхдээ Киевийн эрх баригчид Бахмутын орчимд байдал ямар байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа.

Украины тагнуулын газрын дарга Кирило Буданов өчигдөр цацсан видео мэдэгдэлдээ “Төлөвлөгөөнүүд нам гүм байдалд дуртай” гэсэн нууцлаг өгүүлбэрийг хэд хэдэн удаа давтан хэлсэн юм.

Украины армийн сөрөг давшилт эхэлж буй энэ үед ОХУ-ын хил орчмын бүс нутагт байдал тогтворгүй байна.

Украинтай хил залгаа Белгород мужид Бямба гарагийн шөнө ачааны галт тэрэг замаасаа гарч осолдсон тул төмөр замын хөдөлгөөнийг зогсоожээ.

Белгородоос хойд зүгт оршдог Калуга мужийн нутагт хоёр дрон унасан тухай мужийн захирагч Владислав Шапша өчигдөр мэдээлсэн байна. Түүний мэдээлснээр дронуудын нэг нь Стрелковк тосгоны ойролцоо, нөгөөх нь ойд унажээ.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version