Дэлхий
Австралид хуримаас буцаж явсан автобус осолдож, 10 хүн амиа алджээ
Австралид хуримаас буцаж явсан автобус осолдсоны улмаас 10 хүн амиа алдаж, 25 хүн эмнэлэгт хүргэгджээ. Тус улсын Шинэ Өмнөд Уэльс мужийн Хантер хөндий орчимд ням гарагт осол болж, яаралтай тусламжийн баг очсон байна.
Автобусны жолооч 58 настай эрэгтэйг баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Зорчигчид усан үзмийн эдлэнд болсон хуримд оролцоод буцаад явж байжээ. Хантер нь усан үзмийн тариалан эрхэлдгээрээ алдартай бөгөөд дарс амтлах сонирхолтой жуулчдын очих дуртай газар аж.
Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаагийн туслах комиссарын үүрэг гүйцэтгэгч Трейси Чапман “Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй” гэв. Эмнэлэгт хүргэгдсэн 25 хүний хоёрыг нь агаараар тээвэрлэн авч явжээ.
Тэрээр автобус хажуу талаараа унасан бөгөөд хүмүүс доор нь хавчуулагдсан байж магадгүй гэсэн байна. Мэргэшсэн шүүх эмнэлгийн цагдаа нар ослын нөхцөл байдлыг шалгах ажлын хүрээнд хэргийн газарт үзлэг хийж байгаа аж.
Шинэ Өмнөд Уэльс мужийн тэргүүн Крис Миннс “Хайр, аз жаргалаар дүүрэн байсан энэ өдөр аймшигт осол болсон нь сэтгэл зүрх шархлуулж байна” гэжээ. Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ВВС