CRI Монгол радио
Ши Жиньпин, Антони Блинкентэй уулзав
6-р сарын 19-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, дэлхий дахин хөгжиж, цаг үе өөрчлөгдөж байна. Ерөнхийдөө тогтвортой байх Хятад, Америкийн харилцаа дэлхий дахинд хэрэгтэй байна. Хятад, Америк хоёр зөв зохицож чадах эсэх нь хүн төрөлхтний ирээдүйн хувь заяанд хамаатай. Өргөн уудам дэлхий ертөнц нь Хятад, Америкийн тус тусын хөгжил, хамтын цэцэглэлтийг бүрэн багтааж чадах юм. Хятадын ард түмэн Америкийн ард түмний нэгэн адил өөрийгөө хүндэлж, өөртөө итгэлтэй, өөрөө хүчирхэгждэг ард түмэн бөгөөд бүгд илүү сайн сайхан амьдралыг хөөцөлдөх эрхтэй юм, хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг нухацтай чухалчлан үзэх ёстой, тус бүрийн амжилт нь харилцан боломж авчрах төдийгүй заналхийлэл болохгүй юм. Одоогийн байдлаар, олон улсын хамтын нийгэмлэг Хятад, Америкийн харилцааны өнөөгийн байдалд ерөнхийдөө санаа зовниж, хоёр орны хооронд зөрчил мөргөлдөөн, сөргөлдөөн гарахыг хүсэхгүй байна, мөн Хятад, Америкийн аль нэг талыг сонгох хүсэлгүй байна, Хятад, Америк энх тайванаар зэрэгцэн оршиж, найрсаг хамтын ажиллагаа өрнүүлэхийг тэд хүсэн хүлээж байгаа. Хоёр орон түүх, ард түмэн, дэлхий дахинд хариуцлагатай байр сууриар хандаж, Хятад Америкийн харилцааг сайтар зохицуулж, дэлхийн энх тайван хийгээд хөгжилд хувь нэмрээ оруулж, үймээн самуунтай дэлхийд тогтвортой, тодорхой, бүтээлч хүчин зүйл сэлбэх ёстой гэжээ.
Ерөнхийлөгч Байденийн мэндчилгээг Блинкен Ши Жиньпин даргад уламжилж хэлэхдээ, АНУ Хятадын хоёр талт харилцааг сайтар зохицуулах талаар хоёр орон үүрэг хариуцлагатай, энэ нь Америк, Хятад тэрчлэн дэлхийн ашиг сонирхолд нийцнэ гэдэгт Ерөнхийлөгч Байден итгэдэг. Хоёр орны төрийн тэргүүний Бали арал дахь уулзалтаар тохиролцсон мөрийн хөтөлбөрт эргэн орохыг Америкийн тал эрмэлзэж байна. АНУ Ерөнхийлөгч Байдены амлалтуудыг даган мөрддөг, “шинэ хүйтэн дайн” эхлүүлэхийг эрэлхийлдэггүй, Хятадын тогтолцоог өөрчлөхийг эрмэлздэггүй, мөн холбоотнуудынхаа харилцааг бэхжүүлэх замаар Хятадыг эсэргүүцэхийг эрмэлздэггүй, бас “Тайванийн тусгаар тогтнол”-ыг дэмждэггүй бөгөөд Хятад улстай мөргөлдөх зорилгогүй, харин Хятад улстай дээд түвшний харилцаа өрнүүлж, саадгүй харилцаа холбоогоо хэвээр хадгалж, санал зөрөлдөөнөө хариуцлагатайгаар хянан зохицуулж, яриа хэлцэл, солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэж байна гэжээ.