Дэлхий

Далайд живсэн Титаник хөлгийг хүмүүст үзүүлэхээр явсан шумбагч хөлөг сураггүй алга болсныг хайж байна

Нийтэлсэн

Атлантын далайн ёроолд зуу гаруй жилийн өмнө живсэн Титаник хөлгийг үзэх аялалд хүмүүсийг тээвэрлэж явсан шумбагч хөлөг Даваа гарагт сураггүй алга болжээ.

Канадын зүүн өмнөд эргээс холгүй зайд хамгийн сүүлд холбоо барьсан шумбагч хөлөгт нэг жолооч, дөрвөн зорчигч явсан юм байна.

Одоо АНУ, Канадын нисэх онгоц, тэнгисийн хөлөгтэй аврагчид эрлийн ажиллагааг явуулж байгаа ажээ.

Шумбагч нь 96 цагийн турш усан дотор байх чадвартай юм байна.

Титаникийн аяллыг зохион байгуулагч OceanGate Expeditions компани зорчигчдыг аврах бүх боломжоо шавхан ажиллаж байгааг мэдэгджээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр зорчигчдын дунд Их Британийн тэрбумтан Хэмиш Хардинг байгаа юм байна. Титаник хөлгийн живсэн эх биеийг үзэх энэхүү аяллын нэг суудлын үнэ $250,000 болдог.

Канадын Ньюфаундлэнд мужийн Сэйнт Жонс хотоос гарсан баг Атлантын далайд 640 км орчим зайд аялсны дараа Титаникийн живсэн газарт хүрдэг юм байна.

Үүний дараа таван хүний багтаамжтай Титан нэртэй шумбагч хөлгөөр далайн мандлаас 3,800 метрийн гүнд байгаа Титаникийн үлдэгдэлд хүрэхийн тулд хоёр цагийн турш шумбадаг гэнэ.

Их Британийн Титаник хөлөг 1912 онд 1,500 гаруй зорчигчтой АНУ руу анхны аялалдаа гарсан ч мөсөн уултай мөргөлдсөний улмаас живж байв.

Живсэн Титаникийн түүхийг өгүүлсэн маш олон ном зохиол бичигдсэнээс гадна 1997 онд гарсан “Titanic” уран сайхны кино дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулж байжээ.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version