Дэлхий

Агаарын тээврийн түүхэнд хамгийн томд тооцогдох худалдааны гэрээг Парис хотод байгууллаа

Нийтэлсэн

Францын нийслэлд зохион байгуулагдсан агаарын тээврийн “Paris Airshow” үзэсгэлэн худалдааны үеэр тус салбарын түүхэнд хамгийн томд тооцогдох худалдан авалтын гэрээ байгуулагджээ.

Энэтхэгийн IndiGo компани Францын Airbus компаниас А320 загварын 500 ширхэг агаарын хөлөг худалдаж авахаар болсон нь нэг гэрээгээр хамгийн олон тооны онгоц нийлүүлсэн тохиолдол болж байна.

Уг гэрээний дүн нь $55 тэрбум орчим болжээ.

Ингэснээр IndiGo компанийн Airbus компанид захиалсан нийт онгоцны тоо 1,330 болж байгаа юм байна.

Онгоцнуудыг 2030-аас 2035 оны хооронд нийлүүлэхээр тохиролцжээ.

Шинээр нийлүүлэгдэх онгоцнууд урсгал зардлыг нь бууруулж, шатахуун зарцуулалтыг багасгах ач холбогдолтойг IndiGo компани онцолсон байна.

Энэтхэг улсын агаарын тээврийн салбар хурдтай хөгжиж байгаа бөгөөд ойрын ирээдүйд зах зээлийн хэмжээгээр Хятад улсыг гүйцэж, дэлхийд тэргүүлнэ гэж судлаачид үздэг.

Тус улсын 1.4 тэрбум хүн амын ердөө 5 хүрэхгүй хувь нь онгоцоор зорчиж үзсэн байдаг. Эндээс зах зээлийн багтаамж нь тод харагдаж байгаа юм.

Энэ оны хоёрдугаар сард IndiGo компанийн өрсөлдөгч Air India компани өөрийн флотын бүх 470 нисэх онгоцыг Airbus, Boeing үйлдвэрийн агаарын хөлгүүдээр шинэчлэх болсноо зарласан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байв.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version