Дэлхий

Крымийн хойгийг Оросын эх газартай холбодог гүүр Украины пуужингийн цохилтод өртжээ

Нийтэлсэн

Өчигдөр өглөө Крымийн хойгийг Оросын эх газартай холбодог цөөн гүүрнүүдийн нэг Украины армийн пуужингийн цохилтод өртжээ.

Ингэснээр Украины эзлэгдсэн өмнөд нутаг дахь Оросын цэргийн анги нэгтгэлүүдийн хангамжийн чухал зам таслагдаж байна.

Москвагаас томилогдсон Херсон мужийн захирагч Владимир Сальдо сошиал хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгт Чонгар гүүрний зам дээр гарсан том нүхнүүдийг харуулжээ.

“Лондоны захиалгаар Киевийн дэглэмийн үйлдсэн бас нэг утгагүй ажиллагаа. Цэргийн тусгай ажиллагаанд энэ нь ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэж тэр хэлээд гүүрийг засаж, замын хөдөлгөөнийг сэргээхээ амласан байна.

Сальдо бас хөрш Молдов улсыг НАТО-гийн гишүүн Румын улстай холбодог гүүрэнд удахгүй хариу цохилт өгөхөө амлажээ.

Чонгар гүүр ашиглалтаас гарснаар тээврийн хэрэгслүүд илүү олон цаг шаардах, бартаат замаар зорчих хэрэгтэй болж байна.

Гүүрийг нэг сарын дотор сэргээн засах боломжтойг Крымийн албаныхан ярьсан тухай Оросын РИА Новости агентлаг мэдээлжээ.

Крымийн гүүрнүүд нь саяхныг хүртэл Украины пуужингийн цохилтын зайнаас хол байсан юм. Харин сүүлд Их Британи, Франц улсуудаас илгээсэн далавчит пуужингуудын тусгал тэдгээрт хүрдэг болсон байна.

Гүүр эвдэрсэн нь “эзлэн түрэмгийлэгчдийн хангамжийн системд том цохилт” болсон тухай Киевээс томилогдсон Херсон мужийн захиргааны ажилтан Юрий Соболев мэдэгджээ.

“Эзлэн түрэмгийлэгчид болон эзлэн түрэмгийлэгч орны сэтгэл зүйд үзүүлэх нөлөө нь бүр илүү их ач холбогдолтой. Херсон мужийн нутаг дэвсгэрийн хаана ч тэд аюулгүй байх боломжгүй болсныг харуулж байна” гэж тэр хэлсэн юм.

Украины армийн харвасан дөрвөн пуужин гүүрийг оносон тухай Оросын шинжээчид мэдээлсэн байна. Франц улсад үйлдвэрлэсэн пуужинг цохилтод ашигласан нь баримтаар тогтоогдсон тухай цэргийн шинжээчид дүгнэснийг РИА Новости мэдээлжээ.

Өчигдөр бас Украины арми фронтын зүүн болон зүүн өмнөд хэсэгт тодорхой хэмжээнд амжилттай давшсан тухайгаа мэдээлсэн байна.

Тухайлбал өмнөд фронтын Ровнополь, Старомайорское тосгодын чиглэлд урагшилсан тухай мэдээлжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Европын хамгийн томд тооцогддог Запорожийн цөмийн цахилгаан станцад Оросын эрх баригчид цохилт өгөхөөр төлөвлөж байгаа тухай анхааруулсан юм.

Оросын албаныхан сүүлд үүнийг нь няцаажээ.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version