Дэлхий

Украины дайны ухралт, хохирлын талаар Путинд худал мэдээлэл өгч байгаа Оросын армийн удирдлагыг Пригожин шүүмжлэв

Нийтэлсэн

Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн эзэн Евгений Пригожин өчигдөр Украины дайны ухралт, хохирлынхоо талаар худал мэдээлэл өгч байгаа ОХУ-ын батлан хамгаалах яамны удирдлагуудыг хурцаар шүүмжилжээ.

Украины дорнод фронт дээр Бахмут хотын төлөө тулалдаанд гол үүрэг гүйцэтгэсэн Вагнер группийн хөлсний цэргүүдийг ирэх сарын 1-нээс эхлэн батлан хамгаалах яамны шууд захиргаанд шилжүүлэх шийдвэрийг Кремлийн эрх баригчид саяхан гаргасан.

Пригожин уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм.

Сүүлийн хоёр өдөр тэр батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, жанжин штабын дарга Валерий Герасимов нар руу довтолсон агуулгатай мэдэгдлүүдийг дараалан цацаад байна.

Сүүлийн мэдэгдэлдээ Пригожин “Ерөнхийлөгчийн ширээн дээр тэд жинхэнэ хог шаар болсон мэдээлэл тавьж байна. Шойгу, Герасимов хоёр их энгийн арга барилтай. Тэд хүмүүсийг итгүүлэхийн тулд аймшигтай худлаа ярьдаг. Тэд ийм л зүйл хийж чадна” гэж ярьжээ.

“Тэд бүх үнэнийг хүмүүсээс нууж байна. Орос орон хэзээ нэг цагт сэрэхдээ Крымийг Украинд өгснийг мэдэх болно. Хэрвээ тэд энэ хэвээр ард түмнийг төөрөгдүүлсээр байвал бид хамгийн чухал зүйл болох Орос орноо ч алдах боломжтой” гэж тэр анхааруулсан байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам уламжлал ёсоор Пригожиний мэдэгдэлд ямар нэг тайлбар өгөөгүй юм.

Харин Украины армийн сөрөг давшилтыг амжилттай няцааж, асар их хэмжээний хохирол учруулснаа мэдээлсээр байгаа.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version