Улс төр
Л.Энх-Амгалан: Боловсролын хуулийн төслийн ач холбогдлыг англи хэлний хэрүүл болгон дуусгаж болохгүй
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2023.06.22/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Амартүвшин, Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Г.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Боловсролын ерөнхий хуулийн төсөлд англи хэлийг тусгах эсэх асуудалд эсрэг, тэсрэг байр сууриа илэрхийлсэн.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, “Боловсролын ерөнхий хуулийн төслийн ач холбогдлыг англи хэлний хэрүүл болгон дуусгаж болохгүй. Хуулийн төслийн хүрээнд санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх, сургууль, цэцэрлэгийн засаглалыг улс төрөөс хараат бус байлгаж мэргэжлийн тогтолцоо руу шилжүүлэх, боловсролын доройтолд хүргэсэн хуурамч үнэлгээ, дүнгийн тогтолцоог халах, багш нарыг тасралтгүй хөгжих, сайн багш нийгмийн баталгаагаар хангагдаж, өндөр цалин авах, сургалтын хөтөлбөрийг шинэчилж, урт хугацаанд тогтвортой хэрэгжих, хот хөдөө, хувийн болон төрийн сургуулийн сургалтын чанарыг ялгааг арилгах цахим шилжилтийг хийх зэрэг таван том шинэчлэлийг тусгасан. Хүүхэд бүрд тэгш боломж олгох, англи хэлийг багаас нь сургахыг хүсэж байвал нэг хоногийн өмнө ч болтугай хуулиа батлах нь монголын ард түмэнд тустай” гэдгийг тодотгоод бид үндэсний хөтөлбөртөө англи хэлийг гуравдугаар ангиас нь заана, мөн хоёрдогч хэл байна гэж заасныг онцолж байв.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Боловсролын ерөнхий хуулийн төслийн 6.7 дахь хэсэгт гишүүдийн зөрүүтэй байгаа байр суурийг нэгтгэх үүднээс УИХ дахь МАН-ын бүлэг ажлын гурван хоногийн завсарлага авах шаардлагатайг мэдэгдлээ.
Хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу УИХ дахь МАН-ын бүлэгт ажлын гурван хоногийн завсарлага өгсөн.