Эрүүл мэнд

Амьд байхад улсын наадам үзнэ ээ!

Нийтэлсэн

Хятадад дэлгэрсэн үхлийн тахал Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд бодитоор заналхийлэх болсон. Тиймээс Эрүүл мэндийн яам өдөр бүр цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийж, сонор сэрэмжээ огтхон ч сулруулж болохгүйг олон нийтэд анхааруулсаар байгаа юм. Ялангуяа сар шинийн баяраар халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул төр засгийн зүгээс бүхий л боломжит арга хэмжээгээ авч байгаа билээ. Гэвч, сануулсаар, анхааруулсаар байтал зах, дэлгүүрээр сар шинийн бэлтгэлээ базааж яваа хүмүүсийн хөлд иргэд дарагджээ. Тахал нэгэнт ороод ирвэл ялсан монгол байх эсэх, монгол цустай үгүй нь ямар ч нөлөөлөлгүй. Эдийн засаг нь том, эрүүл мэндийн салбар нь хөгжсөн эх гүрнүүд хүртэл үхлийн тахлын өмнө “өвдөг сөхөрч” байхад Монгол Улс юу болох вэ.

Өнөө өглөө /2020.02.17/ Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандаж, сар шинийн баярыг өргөн тэмдэглэхгүй байхыг уриалжээ. Уг илгээлтэд  “Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь хамгийн найдвартай арга тул цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна. Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй”-г анхааруулсан байна. Үүний өмнө зарлиг гаргаж, цагаан сарыг цуцалсан билээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн улс орны үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, шаардлагатай гэж үзвэл бусад асуудлаар УИХ-д болон ард түмэндээ хандан илгээлт гаргах үүрэгтэй.

Иргэн бүр дор бүхнээ гэр бүлээ, амь насаа хамгаалах хариуцлагаа ухаарах цаг иржээ. Товчхондоо, хэн нэгний баяр тэмдэглэх эрх бусдын амьд явах эрхэнд халдаж болзошгүй байгаа учраас л сар шинээр айл хэсэхгүй, гэр гэртээ тэмдэглэх нь иргэн бүрийн үүрэг болж хувирчээ. Ардчилсан нийгэмд нэг хүний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр “Засгийн газрын тогтоолын дагуу хоёрдугаар сарын 15-наас хойш орж ирэх хүсэлтээ тавьсан хүмүүс зардлаа өөрсдөө хариуцах” гэнэ. Гэвч, хилээр орж ирж байгаа монголчууд төлбөрийн чадваргүй, 14 хоногийн дараа  тусгаарласан зарим хүмүүс очих газаргүй гэх тайлбар хэлэх болсон аж.

Монголчууд эрүүл мэндээ сохор зоосноос ч дор үнэлдэг, хэнэггүй, хариуцлагагүй. Дээр нь хүний төлөө төрсөн юм шиг ялархуу зантай.  Гэтэл,  нүүрлэсэн үхлийн аюулаас өөрсдийгөө хамгаалах арга нь монголчууд өөрсдөө л болж байна.  Өвчин хэнийг ч баян ядуу, царай зүсээр нь ялгахгүй.  Тиймээс төр засгаас авч буй арга хэмжээг хүндэтгэж, хаана хаанаа хариуцлагатай хандахгүй бол үхлийн тахал “хаалга тогшоод” удаж байна.

Айл битгий хэс, амны хаалтаа зүү, гараа угаа.  Аюултай тахыг  хохирол багатай давж чадвал амьд байхад улсын наадам үзнэ ээ!

Exit mobile version