Дэлхий

Вагнерын бүлгэмийг устгахгүй байхыг Беларусийн ерөнхийлөгч Путинд зөвлөжээ

Нийтэлсэн

  • Евгений Пригожин Беларусьт очлоо
  • Лукашенко Путинд Вагнерыг яаран устгах шийдвэр гаргахгүй байхыг зөвлөв
  • Беларусийн Батлан хамгаалахын сайд Вагнерын цэргүүдийг армидаа элсүүлэх хүсэлтэй байна

Орост зэвсэгт бослого эхлүүлсэн Евгений Пригожин бослого дууссаны дараа хаана байгаа мэдээлэл тодорхойгүй байсан. Тэгвэл тэрбээр үйл явдлаас гурав хоногийн дараа зөвшилцлийн дагуу Беларусьт очсон байна. Энэ талаар болон бослогыг хэрхэн намжаасан тухай тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдэл хийв.

Тэрбээр “Би бямба гарагийн өглөө 10 цагт ерөнхийлөгч Путинтэй ярьж, асуудлыг хэлэлцсэн. Тэр Вагнерын бүлгэмийг устгахад бэлэн байсан ч яаран шийдвэр гаргахгүй байхыг түүнд зөвлөсөн. Үүний дараа Пригожинтой холбоо тогтоож тэдний бүлгэм яг л хорхой шиг бяц даруулах болно. Тийм учраас үйлдлээ зогсоох хэрэгтэйг түүнд ойлгуулсан” хэмээн ярилаа. Лукашенкогийн хувьд тухайн үеийн нөхцөл байдлаас илүү цаашдын үр дагавар хэрхэх нь нэн чухал байсныг онцолсон юм.

Вагнер хувийн цэргийн компанийг үүсгэн байгуулагч Беларусьт очсон талаар Лукашенко “Путинд амласан ёсоор Пригожинд аюулгүй байдлын баталгаа өгсөн” гэдгээ дурдав. ОХУ-аас Вагнерын цэргүүдэд улсдаа үлдэж армид нэгдэх, гэртээ харих, эсвэл Беларусь руу явах сонголт өгөөд байсан. Одоогоор Беларусиас Вагнерын бүлгэмд хуаран бэлдэж өгөөгүй ч хуучин цэргийн баазыг нээлттэй болгож, шаардлагатай зүйлсээр тэднийг хангана гэж мэдэгдсэн.

Харин Беларусийн Батлан хамгаалахын сайд Виктор Хренников Лукашенкод Вагнерийн цэргүүдийг Беларусийн армид элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Эх сурвалж: ВВС, CNN, Ройтерс

Exit mobile version