Энтертайнмент

Хятадын саятан 27 дахь удаагаа элсэлтийн шалгалтад ороод унажээ

Нийтэлсэн

Саяхан Хятад даяар зохион байгуулагдсан их сургуулийн элсэлтийн шалгалтад 13 сая орчим хүүхэд залуус оролцсон юм.

Тэгвэл 1983 оноос хойш уг шалгалтыг өгч байгаа Хятадын 56 настай саятан 27 дахь удаагаа унасан байна.

Лянь Ши нийт 750 онооноос 424 оноо авч, их сургуульд элсэх босгыг давахад ердөө 34 оноо дутсан байна.

Сичуань мужийн харьяат тэрбээр авсан оноондоо маш их сэтгэл дундуур байгаа бөгөөд олон жилийн мөрөөдлөө биелүүлж чадах эсэхдээ эргэлзэх болсныг орон нутгийн хэвлэлд ярьжээ.

“Өмнө нь би хэзээ нэг цагт шалгалтад тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байсан бол одоо найдлага тасарч байна” гэж тэр Тянму Ньюс сонинд ярьсан байна.

Гаокао гэж нэрлэдэг элсэлтийн шалгалтад орогсод хятад, англи хэл, математикийн сорил болон сонголтоор нэмэлт нэг сорил өгдөг юм.

Хятадын засгийн газрын гаргасан статистик мэдээллээс харвал 2021 онд уг шалгалтыг өгсөн хүүхдүүдийн 41.6 хувь нь их сургуульд тэнцжээ.

Гаокао нь Хятадын олон сая хүүхэд залуусын хувьд ирээдүйн амьдрал, хувь заяагаа шийдэх маш чухал үйл явдал болдог.

1950-аад оноос хойш жил бүр зохион байгуулагдсан Гаокао нь зөвхөн Соёлын хувьсгалын үед завсарлаж байжээ.

Лянь Шигийн хувьд бизнес нь амжилттай цэцэглэж, саятны эгнээнд дэвшсэн ч дээд боловсролтой болох мөрөөдлөө огт орхиогүй юм байна.

Тэрбээр анх 1983 онд 16 настайдаа Гаокаод орж байжээ. Үүнээс хойш 1992 он хүртэл жил бүр шалгалт өгсөн ч насны хязгаарт тулсан тул зогсож байсан гэнэ.

Харин 2001 онд Хятадын засгийн газар Гаокао өгөх хүмүүст насны хязгаар тавихаа больсноор тэр дахин өгч эхэлжээ.

Өнгөрсөн хугацаанд тэр эрүүл мэндийн, ажил хэргийн зэрэг хүндэтгэх шалтгааны улмаас цөөн хэдэн удаа шалгалтаа алгасаж байсан гэнэ.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version